Монгол, БНЭУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Тодруулбал, 1955 оны 12 дугаар сарын 24-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс, БНЭУ дипломат харилцааг тогтоосон байдаг. Тухайн үед БНЭУ нь манай улсыг тусгаар тогтноход хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орон байсны зэрэгцээ манай улсыг НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн орон юм.
Монгол, Энэтхэг хоёр улсын харилцааг одоогоос 3000 жилийн тэртээгээс эхтэй гэж судлаачид үздэг. Түүнчлэн Монгол Улс8 Энэтхэг улсын харилцаа холбооны талаарх түүхэн эх сурвалжуудын эхнийх нь Хүн гүрний үе буюу МЭӨ 209 оны үед хамаарна. Хожим буддын шашны нөлөөгөөр хоёр улсын ард түмэнд нийтлэг соёл бий болсон юм.
Өнөөдөр Энэтхэгийн зүүн хойт муж нутаг болон Хималайн сав газраар гучин сая гаруй өвөг монгол буюу Монголайд угсаатан амьдарч байна. Тэд олон зуун жилийн өмнөөс Энэтхэгт хэд хэдэн удаа нүүдэллэн очжээ. Үүний зэрэгцээ Энэтхэгийн өмнө зүгийн Андаманы аралд монгол гаралтай хүмүүс амьдардгийг XIII зуунд Италийн аялагч Марко Поло явж байхдаа харж, тэмдэглэн үлдээсэн байна. Энэтхэг судлаач, дипломатч О.Нямдаваа, “Дэлхийн өнцөг булан бүрт монгол гаралтай, өөрсдийгөө монгол гэж үздэг олон хүмүүс бий. Энэтхэгт 30 сая гаруй монгол гарал үүсэлтэй хүмүүс байна. Энэтхэгийн зүүн хойд дүүргийн 8 муж байдаг. Эдгээр мужид яг монголчууд бидэн шиг зүс царайтай, хоол хүнс ижил, бидэнтэй ижил төсөөтэй хувцас өмсдөг улсууд байдаг. Тэд ярихдаа бид бол монголчууд. Түүхийн олон зуун жилийн нугачаанаас үүдэн Энэтхэгт амьдрах болсон. 3000, 2000, 1500 жилийн өмнө Энэтхэгт ирж амьдрах болсон гэдэг” хэмээжээ.
1971 онд Энэтхэг улс Бангладештай дайтахад манай улс Энэтхэгийн талд бат зогсжээ. Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх анхны санамж бичгээ 1973 онд байгуулсан бөгөөд шашин соёлын салбарт л хамаатай мэт байсан энэ баримт бичиг 1994 онд Ерөнхийлөгч П.Очирбатын Делид хийсэн айлчлалаар агуулга хэлбэрээ “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай санамж бичиг” болгон тэлж, 2001, 2004, 2009 онд шинэчилсэн байна.
2011 онд Ерөнхийлөгч Патил, 2015 онд Ерөнхий сайд Н.Моди нар Монголд айлчилж, Н.Моди “Газрын тос боловсруулах үйлдвэр барих тэрбум ам.долларын зээл”-ээ амалснаар хоёр улсын харилцаа эрс шинэ түвшинд хүрсэн юм.
1987 оноос эхлэн Энэтхэгийн Соёл, боловсрол, Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны “ITEC” хөтөлбөрийн хүрээнд манай мэргэжилтнүүд урт, богино хугацааны сургалтад хамрагдах болсон. Энэтхэгээс жилд 5-10 багш ирж ажиллах болсноор Улаанбаатар хотноо Монгол, Энэтхэгийн хамтарсан ахлах сургуулийг 2003 оноос байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн сүүлийн 10-аад жилд МУИС-ийн дэргэд санскрит хэлний тэнхим байгуулах, Төв номын санд хадгалагдаж буй эртний судар номыг тоон бичлэгт оруулах ажлыг Энэтхэгийн техникийн тусламжийн хүрээнд гүйцэтгэжээ.
Монгол, Энэтхэг ард түмэн газар зүйн хувьд хол оршдог ч сэтгэл санаа, соёлын хувьд ойр байдаг оюуны хөрш орнууд. Тухайлбал, жил бүр “Ганга мөрний уянга” энэтхэг бүжгийн тэмцээн зохиодог бөгөөд сүүлийн үед энэтхэг бүжгийг монгол охид бүсгүйчүүд ихээр сонирхох болсон. Мөн хинди хэлний дугуйлан хичээллэх болсноор Энэтхэгийн соёлд монголын хүүхэд залуучууд суралцаж байна. Энэтхэгийн Ерөнхийлөгч Патил 2011 онд Монгол Улсад айлчлах үедээ “Нүүдэлчин заан” хэмээх нэртэй хамтарсан цэргийн хээрийн сургуулилт хийхээр тохирсон нь уламжлал болжээ. Манай улсаас зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн хээрийн сургуулилтад ч Энэтхэг улс байнга оролцож байна.
Монгол, Энэтхэг улс хүн ам, байгаль цаг уур, соёлын их ялгаатай. Монгол Улс Төв Азийн эрс тэс уур амьсгалтай, нүүдэлчин соёлтой. Хүн ам нь 3 сая. Гол эрхэлдэг аж ахуй нь мал аж ахуй бөгөөд сүүлийн үед эдийн засгийн голлох салбар нь уул уурхай болоод байна. Тэгвэл Энэтхэг орон халуун дулаан уур амьсгалтай, хүн амаараа дэлхийд тэргүүлдэг томоохон улсуудын нэг. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа нэлээд эрчимжиж байна. Манай улс Энэтхэгээс төрөл бүрийн эм, эмийн түүхий эд, шүлхийний вакцин зэргийг авдаг. Харин сүүлийн жилүүдэд Энэтхэг улс манай улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал, коксжих нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал, уран, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал, ноос ноолуур авахыг сонирхож байна.
Улаанбаатар хотноо хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэдлийг харуулсан түүх дурсгалын хөшөө цогцолбор бий. Түүний нэг нь Махатма Гандигийн гудамж болон хөшөө юм. Энэтхэгийн хүчирхэг удирдагчийн нэг байсан Махатма Ганди нь хүч хэрэглэхгүйгээр эвийг эрхэмлэгч улс төрч гэдгээрээ дэлхий дахинд алдаршсан билээ. Харин Энэтхэгийн Нью Дели хотноо Улаанбаатар гудамж, Монголпури район байдаг.
Үе үеийн Элчин сайдууд тухайн орны ард түмэнд хийсэн бүтээснээрээ танигддаг бичигдээгүй хуультай. Монгол оронд гадаадын эрдэм чадалтай олон Элчин сайд ажиллаж байснаас монголчууд бид Энэтхэгийн элчин сайдаар 1989-1999 онд ажиллаж байсан Бакула Ринбүүчийг сайн мэддэг. Бакула Ринбүүчи багш Монгол орон даяар алдраа цуурайтуулсан хүн юм. Одоо БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар М П Сингх ажиллаж байна. Тэрээр 2019 оноос хойш Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд Монголчуудад үр өгөөжөө өгсөн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Томоохон төсөл хөтөлбөрүүд
1. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл. Энэхүү төсөл нь Оюу Толгой төслөөс хойших Монгол Улсад хийж буй 2 дахь гадны том хөрөнгө оруулалт юм.
2. 20 сая долларын өртөг бүхий Атали Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл Технологи Аутсорсингийн төв юм.
3. Энэтхэг-Монголын хамтарсан Hайрамдлын дунд сургууль газрын асуудлыг шийдсэн явдал юм.
4. Кибер Аюулгүй байдлын Төв
Жил бүр ITEC хөтөлбөрт 200, ICCR хөтөлбөрт 60, бусад хөтөлбөрөөр 20 оюутан Энэтхэг улсад суралцаж байна.