Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 1,097 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсын хувьд нэг өдрийн дотор илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болов.
Цар тахлын эхний давалгааг амжилттай давсан гэж дэлхий дахинд өндрөөр үнэлэгдэж байсан Өмнөд Солонгос улсад одоо хоёр дахь давалгааны улмаас анх удаа хатуу хөл хорионы дэглэм тогтоож болзошгүй боллоо.
Мөн Сөүл хотын зүүн өмнөд хэсэгт байрладаг шоронд халдварын томоохон голомт илэрсэн байна. Тус шоронгийн 184 хоригдол, нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрснийг хууль зүйн яам нь өнөөдөр мэдээлжээ. Авлигын хэргээр ял шийтгүүлсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мюн Бак энэ шоронд хоригдож байгаа юм. Экс ерөнхийлөгчийн шинжилгээний хариу сөрөг гарсныг албаныхан мэдээлжээ. Шоронгоос гадна тус улсын Чонжү хотын асрах газрын 61 хүнээс шинээр халдвар илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 49,665, нас барсан хүний тоо 674 хүрчээ.