Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдээд байна.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар-Франкфурт тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Амар” зочид буудалд тусгаарласан юм.
Өчигдөр /2020.12.19/ дээрх чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 160 иргэн ирсэн. Тэгвэл өнөөдөр /2020.12.20/ Токио руу тусгай үүргийн нислэг үйлдэх аж. Энэ сард дөрвөн удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч арванхоёрдугаар сарын 25-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалжээ.
Иймд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулсан иргэд дараагийн тов тодорхой болмогц тухайн нислэгээр ирэх боломжтой. Арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй 3.800 гаруй хүн, үүнээс БНСУ-д 3.300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байна.