Улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг аравдугаар сарын 1-нээс долдугаар сарын 1-ний өдөр хүртэл төр бүрэн хариуцах болсон.
Энэ хугацаанд гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөгийн цахилгааны, орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1,1 сая, жижиг, дунд аж ахуйн нэгж 7-30 сая, томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1,4 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны мөнгө хэмнэх тооцоо гарчээ.
Түүнчлэн, 100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэсэн бөгөөд 120 м.кв талбайтай байранд амьдардаг айл 20 м.кв талбайд ногдох дулааны мөнгөө төлөх юм.
Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, банк, ББСБ, крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр төлбөрөөс чөлөөлөгдөхгүй аж.
Төлбөр тэглэсэнтэй холбогдуулан 650 тэрбум төгрөгийг "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар гаргана.