Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд Японы дуучин Мария Такэчигийн 2017 онд Youtube сувагт байршуулсан “Plastic Love” дууны доорх сэтгэгдэл хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн тухай шуугиж эхэллээ. Нэгэн Япон эр “J K” гэсэн нэрээр тухайн дуутай холбоотой нандийн дурсамжаа хуваалцжээ.
Ийнхүү түүний сэтгэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Би 10 настай жаахан хүүхэд байхдаа Японд амьдарч байсан юм. Би нэг номын дэлгүүрээс дөнгөж гарч ирээд үүдэнд нь зогсож байтал, надтай жацуу насны гэмээр нэг хөөрхөөн охин хүрч ирээд надруу ичингүйрэн гараа сарвайгаад, энэ хавиар цуг алхмаар байна уу гэж надаас асууж байсан. Би ч зөвшөөрсөн. Тэгээд л тэр охин бид хоёр гудамжаар хамт алхаж байгаад, рамен идэхээр нэг хоолны газар ороод суусан чинь тэр газрын радиогоор энэ дуу явж байсан. Тэр охин надад хэзээ ч нэрээ хэлж байгаагүй, харин хэзээ аль өдөр уулзаж, гар гараасаа хөтлөөд гадуур хамт алхахыг л хэлдэг байсан. Хэдэн сарын турш ингэж уулзсаны дараа, эцэст нь нэг юм би түүний нэрийг мэдэж авсан- түүнийг Мицүки гэдэг байсан юм. Бид маш дотны сайхан найзууд болчихсон байсан.
Бид хоёрыг 13 нас хүрчихсэн байх үед гэнэт аав ээж хоёр маань Америк улсад очиж ажиллахаар болоод, тэгээд би түүнийг орхиж явахаас өөр аргагүй болсон. Явахаар болсноо түүнд хэлээд, хоёулаа нус нулимстайгаа холилдож зөндөө уйлж билээ. Гэхдээ Америкт ирсэн хойноо би түүнрүү захидал бичиж явуулж, тэр ч бас надад хариу захидал бичиж явуулдаг байсаан. Энэ чигээрээ явсаар бид хоёр 22 настай болоход, тэр гэнэт л надруу захидал илгээхээ больчихсон. Би түүнийг миний амьдралаас бүрмөсөн явчихлаа даа л гэж бодсон. 5 сарын дараа, Америк дахь гэрийн маань хонх дуугарахаар нь би очиж хаалгаа тайлтал, яг анх надтай учирч байсан өдрийнх шигээ, тэр охин гараа урагш нь сарвайчихсан инээмсэглээд зогсож байж билээ. Тэгээд бид дараа нь гэрлэсээн. Одоо хань бид хоёр 40 настай.
Бид дэлхийн олон орнуудаар аялахдаа зөндөө олон хотуудаар гараасаа хөтлөлцөөд хамт алхаж байсан. Алхаж явахдаа бид хоёр гоймон зардаг хоолны газруудад орж гоймон идэнгээ утсаараа энэ дууг хамтдаа сонсдог. Баярлалаа, дуучин Марияа. Таны хайр сэтгэл чинь plastic байж болох юм, гэхдээ миний хайр сэтгэл энэ дууны ачаар маш үзэсгэлэнтэй болсон юм шүү. Хэрвээ та нар хүүхэдгүй, бие биенийхээ гараас хөтлөчихсөн дунд эргэм насны хосууд яг л өсвөр насны жаахан хүүхдүүд шиг аальгүйтэн Токиогын гудамжаар алхаж явааг харвал, тэр чинь бид хоёр байгаа юм" гэжээ.