БЗД-ийн 10 дугаар хороо “Цагдаа” хотхоны тавдугаар байранд амьдардаг иргэнээс Ковид-19 илэрсэн. Тус байр нь хоёр орцтой бөгөөд нэгдүгээр орцны хорио тавьжээ. Харин хоёрдугаар орцны хориог тавиагүй, гэрийн хориод 14 хоногийн хугацаа дуусаад хоёр хонож байна. Анх 14 хоног хөл хорио тогтооно гэж хэлсэн ч хугацаа нь дуудчихаад байхад гэрээс нь гаргахгүй хэвээр байгаа аж. Энэ талаар иргэд дүүргийнхээ Онцгой комисст хандсан ч “Амралтын аль нэг өдөр давтан шинжилгээ авна. Тэгээд л хориог цуцлах эсэхийг шийднэ” гэсэн байна. Гэсэн ч амралтын өдөр шинжилгээ аваагүйгээр барахгүй хөл хориотой хэвээр байна. Байрны гадна байрлуулсан машинууд цасанд дарагдаж, зармын нь дугуйны хий гарсан байдалтай... байрны гадуур хөл хөдөлгөөнгүй, онцгой байдлын тэмдэг бүхий пост байруулж, тууз татжээ...
Тус байранд амьдардаг халдвар авсан гэр бүлийн хоёр иргэнийг өнгөрсөн сарын 21-22 нд шилжих шөнө авч явсан бөгөөд орцны айлуудаас үүрийн 4 цаг хүртэл шинжилгээ авсан байна. Хэдийгээр бусад өрхийн гишүүдээс анхны шинжилгээгээр халдвар илрээгүй ч давтан шинжилгээг өдийг хүртэл хийгээгүй байгаа юм байна.
Төрөөд удаагүй ч хөх нь бугласан нэгэн бүсгүй сошиалд нөхцөл байдлаа бичсэн байсан. Тэрбээр олон тийш хандаж, эмнэлгийн тусламж авах гэж оролдсон ч түргэн ирэх боломжгүй, хорионд орсон тул гэрээсээ гарах боломжгүйд хүрч арга буюу сошиалд нөхцөл байдлаа бичиж, энэ нь УОК-ийн Шуурхай штабад хүрснээр эмнэлгийн тусламж авсан билээ. Энэ бүсгүй тус байранд хорионд ороод байсан юм.
Тэгвэл өнгөрсөн 16 хоногийн тус байранд үүнээс гадна олон зүйл болж, олон айл ажил төрлөө алдаж, хоол ундгүй болсон ч нэг ч удаа гомдол гаргаж, хэл ам хийлгүй өдийг хүрсэн гэдгийг иргэд хэлж байлаа.
Өнгөрсөн баасан гарагийн орой тус байранд амьдардаг нэгэн өрх архидан согтуурч, улмаар зодоон болсон байна. Хүүхдүүд нь уйлж, томчууд нь коридортоо гарч зодолдсон явдал болсон ч цагдаа дуудаж, эмх журам сахиулж чадаагүй. Хөршүүд нь ч гарч болиулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Хэрэв тус хэрэг явдал хүндэрч хүн гэмтэж бэртэх, цаашлаад хүн амины хэрэг гарсан бол холбогдох газар нь арга хэмжээ авч чадахгүй байсаар дуусах байсан гэдгийг оршин суугчид хэлж байна.
Ингээд тус байранд оршин суудаг хоёр ч иргэнтэй цахимаар холбогдсоноо хүргэж байна. Эдгээр иргэдээс “Хөл хориог эхлүүлэхдээ хоол хүнс дуусвал ингэнэ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах бол тэгнэ” гэсэн юм танилцуулсан уу гэж асуухад бүгд “Үгүй” гэсэн хариу өгсөн юм. Үүнээс үзэхэд хөл хорионы үед хөл толгойгоо олохгүй асуудал өрнөөд байна...
Оршин суугч 1: Өнгөрсөн сарын 21-22 нд шилжих шөнө унтаж байтал хаалга тогшсон. Цагдаагийн алба хаагч “Танай байрнаас коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. Одоо гэр бүлийн бүх гишүүдээс шинжилгээ авна” гэж хэлсэн. Ингээд шөнө дунд шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан ч хөл хорионд орсон. Гэрийн хорио 14 хоног гэж анх хэлсэн ч одоо 14 хоног нь өнгөрчихлөө. Давтан шинжилгээгээ авахгүй байна. Манай байрны нэгдүгээр орцны хөл хориог 12 дугаар сарын нэгэнд цуцалсан. Манай орцны хориог яагаад цуцлахгүй байгааг асуухад “Манай орцноос нэг айл шинжилгээ өгөөгүй байсан. Нэгдүгээр орцны давтан шинжилгээг авахдаа тэр айлаас авсан” гэж хэлсэн. Юу гэсэн үг юм бүү мэд. Тэр айл нь хаалгаа тайлж өгөхгүй байсан гэсэн юм ярьсан.
Би өдөр тутмын орлоготой ажил хийдэг учраас хэцүү л байна. Ажил зогсоогүй болохоор ингээд хорионд байгаад байхаар хэцүүдээд УОК-ийн дугаар руу залгаж хэлсэн чинь “14 хоногоо дуусга. Өөр хэлэх юм байхгүй” гэж хэлсэн. Саяхан манай байранд гэр бүлийн хоёр хэрэлдээд салах дээрээ тулсан. Харин байрнаас гарч болохгүй учраас гаргаагүй. Үнэнээс эхлээд олон асуудал болж байгаа ч бид хүлээцтэй л байгаа.
Оршин суугч 2: Эрх баригчдын өөрсдийнх нь зохиосон хуульд гэрийн хорио 14 хоног байна аа гээд заасан байгаа шүү дээ. Манай байрны оршин суугчид 14 хоногт нэг ч гомдол гаргалгүй хүлээцтэй байгаа. Энэ хугацаанд хоол хүнс дууссан. Ах дүүс, дэлгүүрээс захиалж, авч ирүүлэх зэргээр өөрсдөө асуудлаа шийдвэрлээд, болгоод л байсан. Одоо бол үнэхээр туйлдаж байна. Хэдий болтол хүмүүст давхар төвөг удах юм бэ. Эндээс гарна гэсэн асуудал алга. Өвдвөл гэртээ үх гэсэн аятай. Сая дүүргийнхээ онцгой комисс руу залгаж санал гомдлоо хэлэх гэтэл шууд утсаа тасалж байна. Бүр үг хэлэх ч эрхгүй амьдарч байна шүү дээ.
21-22 ний шөнийн 4 цагт хаалга нүдээд шинжилгээ авсан. Тэрнээс хойш албаны хүмүүс усанд хаясан чулуу шиг л таг алга байна. Манай байрны төрөөд удаагүй эмэгтэйн хөх нь буглаад, тусламж авч чадахгүй аргаа бараад сошиал дээр бичсэн байсан. Хамаг юм аа сошиалд бичиж байж л нэг юм эмнэлгийн машин ирээд аваад явсан. Энэ мэтчилэн асуудал үүсч байгаа.
Оршин суугч 3: Хөл хорионд ороод 14 хоногоос хэтэрлээ. Хугацааг нь сунгалаа гэх зүйл хэлж мэдэгдээгүй мөртлөө одоо хөл хориогоо цуцлахгүй байна. Манай орцноос халдвар илэрсэн учраас үнэхээр айдастай байна. Гэхдээ одоо өвчнөөс айж суусаар байтал амьдрал хэцүүдлээ шүү дээ. Энэ ч бага хэрэг. Манай орцонд архидаж, гэр бүлийнхэндээ агсам согтуу тавьсан хэрэг гарсан. Гараад болиулж болохгүй, цагдаа дуудаж болохгүй үнэхээр хэцүү. Дэмий л байрныхаа нэгдсэн группд үзэл бодлоо бичсэн. Тэр хүнийг олж уншаасай гэж бодоод. Уншсан ч юм уу, мэдэхгүй. Дүүргийн онцгой комисс руу залгаж санал бодлоо хэлсээр л байгаа. Тоож авч үзэхгүй байна. Манай байрнаас халдвар илэрлээ гээд бид хэрэг хийсэн гэсэн үг биш шүү дээ. Иргэдийн эрх ашиг үнэхээр зөрчигдөж байна. Энэ асуудлаа түргэн шийдвэрлэж өгөөсэй. Үгүй бол дорвитой хариу өгөөсэй гэж хүсч байна.