Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн дотор шинээр 11 тохиолдол батлагджээ. Ингэснээс дотооддоо халдвар авсан тохиолдол нийт 448-д хүрсэн юм. Тодруулбал, Улаанбаатар хотод батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 96, Сэлэнгэд 193, Дорноговьд 21, Орхонд 24, Дархан-Уулд 45, Говьсүмбэрт 4, Архангайд 3, Энхсаранд 49, ХӨСҮТ-д 13 тохиолдол батлагдаад байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 20240 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Үлдсэн хүмүүсийн шинжилгээнд халдвар илрээгүй. Улаанбаатарт шинээр илэрсэн гурван тохиолдлын хоёр нь өмнөх тохиолдлын давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Харин үлдсэн нэг тохиолдол нь автобусны жолоочийн ойрын хавьтал байсан. Ажилдаа нэг унаагаар ирж, очдог хүн байж таарсан.
Автобус баазын нийт 512 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад бусад хүмүүсийн шинжилгээнд халдвар илрээгүй. Ингээд Улаанбаатарт батлагдсан халдварын нийт тохиолдол гурваар нэмэгдэж, 99 болсон бол Дорноговьд 4, Сэлэнгэд 4 тохиолдол нэмж бүртгэгдсэн.