Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэтгэврийг арилжааны зургаан банкаар дамжуулан олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

Нийгмийн даатгалын байгууллагаас маргааш, 12 дугаар сарын 1-нд 446.4 мянган тэтгэвэр авагчид нийт 185 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны 6 банкаар дамжуулан олгохоо мэдээллээ.

Тодруулбал,

  • 353.5 мянган даатгуулагчид өндөр насны,
  • 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн,
  • 21 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм.

Манай улсад тархаад буй "COVID-19" нь ахимаг насны, архаг хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй тул ХНХЯ, Нийгмийн даатгалын байгууллагаас энд  анхаарч, тэтгэвэр авагчдыг халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлд хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж буйг мэдэгдлээ. Үүнд:

Нэн түрүүнд банканд дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг арилжааны банкуудтай хамтран 11 дүгээр сарын 14-нөөс эхлүүлсэн. Улсын хэмжээнд 32159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээх ажлыг зохион байгуулж байна.

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг коронавирусний халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэгбүрчлэн утсаар холбогдож нийт 14911 хүнд зөвлөгөө, мэдээлэл хүргээд байна.

Тэтгэвэр олгох өдөр яам, агентлагийн албан хаагчид хянаж, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж газар дээр нь ажиллахаар болжээ.

Тэтгэврийг хугацаанд нь олгоход санхүүжилтийн асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд ахмадууд арилжааны банкуудад очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг НДЕГ-аас тэтгэвэр авагч нарт зөвлөлөө.

Камбожид дотооддоо халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ
Камбожид дотооддоо халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.