Ковид-19 вирусны халдвар төмөр замаар орж ирсэн гэдгийг Улсын онцгой комисоос мэдэгдээд байгаа. Төмөр замчид хэдэн мянган хүнийг хамарсан найр наадам зохион байгуулж улмаар халдвар тарсан зэрэг яриа зарим хэвлэл, цахим сүлжээгээр явах болсон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар төмөр замд хариуцлага тооцох асуудлыг хөндөх болов.
Төмөр замд сахилга хариуцлага, хорио цээрийн дэглэм алдаж найр наадам, тэмцээн болсоор корона алдсан нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Хоёр улсын хамтарсан компани гэдгээр дандаа хууль, хариуцлагаас бултана. Тэгж ярьвал гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөөр удаж байна. https://t.co/R4ZQGru9Kx
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) November 21, 2020
"Энхсаран" сувилал дээр эрүү хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Гэсэн хэрнээ Төмөр зам дээр таг байх шиг. Би тодруулнаа
— Ж.Сүхбаатар (@Sukhbaatar_J) November 21, 2020
Харин төмөр замын удирдах хорооны даргаар саяхныг хүртэл ажиллаж байсан "Шилэн" Цогоо буюу Б.Цогтгэрэл дээрх гишүүдэд хандаж “та хоёр төмөр замчдаар оролдох хэрэггүй дээ” гэж анхааруулах, занахийн дундуур үг дайж хэдэн өдрийн хэрүүл болсон билээ. Улмаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцаг “Төмөр замчид руу дайрч давшлахыг хүлцээд тэвчиж чадахгүй. Май шүү, бид чи биш. 16 мянган салаавч шүү, чамд. Чамд төмөр замчид тэр коронагаас илүү хүчтэй гэдгийг мэдрүүлнэ шүү” гэж өөрийн цахим хуудаснаа пост оруулж 16 мянган салаавч гэх бараг тренд үг шинээр бий болов.
УИХ-ын гишүүн гэдэг бол төрийн хууль тогтоох дээд байгууллагад ард түмнийг төлөөлж буй төлөөлөгч. Гэтэл жирийн нэг төмөр замын хурган дарга УИХ-ыг тэр чигээр нь доромжилж, 16 мянган салаавч өгнө зэргээр “сагсуурч” байгаа нь жиргээчдийн дунд багагүй дуулиан тариад авсан. Шог зураач С.Цогтбаяр “Нэг дор хамгийн олон салаавч гаргасан гэдгээр бараг л Гиннэсийн номонд орох байх шүү гэснээс онц дэглэмийн үед улсын чухал обьектийн ажилтан албан хаагчдыг үймээн тэмцэлдд уриалж турхирна гэдэг өөрөө айхтар хүнд гэмт хэрэг шоо !!!” гэж жиргээд дараах шог зургийг зурсан юм.
Тэгвэл төмөр зам дагасан хэрүүл маргаан нь мөсөн уулын дөнгөж орой хэсэг гэдгийг эх сурвалж баталж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар намаа баруун солгойгүй гөвж шилэн дансыг нь ухаж төнхөх болсон "Шилэн" Цогоогийн хариуцаж байсан төмөр замын салбар өөрөө хамгийн шилэн бус гэдгийг МАН-ынхан хэлж ярих болж уг салбарт хяналт шалгалт хийж хариуцлага тооцохыг намын удирдлагуудаасаа шахаж шаардах болсон байна. Төмөр замын дарга Р.Жигжиднямаа, "Шилэн" Цогоо нар Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээлд хамрагдсан ба төмөр замтай холбоотой элдэв хэрэг маргаанууд тэгс хийгээд дарагдаад ирсэнд бухимдах хүмүүс МАН-д цөөнгүй байгаа гэх. Р.Жигжиднямаагийн хүү Ж.Тамир нь Ерөнхийлөгчийн тамгын газрын зохион байгуулалтын хэлтсийн дарга болсон нь тэдний хооронд маш нарийн холбоо харилцаа байгаа гэдгийг тайлбаргүй нотолно. МАН-ыг дотроос нь хагалах Ерөнхийлөгчийн тоглолтыг гардан зохион байгуулж байгаа хүнээр "Шилэн" Цогоог нэрлэж төмөр замд нүүрлэсэн асуудлуудыг шалгах ёстой гэсэн байр суурьтай гишүүд МАН дотор цөөнгүй байгаа бололтой.
ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат: Миний өгсөн үүргийг Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нар хармаагаа зузаатгах бизнес болгочихож
— Oyunerdene (@Oyunaa4488) June 6, 2018
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: ОХУ-д ашиглагдахаа больсон 1000 вагон оруулж ирсэн нь үнэн, хариуцлагаа дэд сайд хүлээнэ биз #гэж 2 сайд нь хэлсэн бн энэ хүн ч өнгөрчэ pic.twitter.com/YDdYlaZQJK
Гэтэл яг ийм эгзэгтэй мөчид төмөр замын дарга Р.Жигжиднямаа улсын хилээр гарсан тухай мэдээллийг сэтгүүлч Б.Оргилмаа дэлгэв. Тодруулбал, энэ сарын 19-ний Улаанбаатар Берлиний нислэгээр Р.Жигжиднямаа, хүү Ж.Тамир нар явсан тухай мэдээлэл байна. Эх суравжлийн мэдээлж байгаагаар Р.Жигжиднямаад холбогдох хоёр ч хэргийг АТГ, ЦЕГ-ийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж ирсэн аж. Эхнийх нь 1000 вагоны хэрэг буюу "Шилэн" Цогоогийн нэр холбогддог асуудал бол удаах нь Хонг Конг-д байрлах компаниараа 7.5 сая ам.долларыг угаасан гэх хэрэг юм. Мөрдөн байцаалтын явцад уг мөнгөний тоо улам ихэссэн бөгөөд Р.Жигжиднямаа нь өвчний учир гадаадад эмчилгээтэй, хурал зөвлөгөөнтэй зэрэг шалтгаанаар хуулийн байгууллагын мөрдөх ажилд удаа дараа саад учруулсаар өнөөдрийг хүрчээ. Тэгвэл МАН-ын дотоод улс төр ширүүсч Ерөнхийлөгчийн нөөлөгт багтсан Р.Жигжиднямааг онилсон хуулийн байгууллагын ажиллагаа идэвхжиж эхэлсэн учраас ийнхүү тэрээр хилийн дээс давсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Ийнхүү ковид алдаж, хуулийн байгууллага тойрсон өчнөөн асуудал үүссэн үед Монголын төмөр эзгүй айл шиг болж хувирлаа.