Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутаг руу зорчих иргэд 119.mn сайтад бүртгүүлж шинжилгээ өгнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

Хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах хүрээнд Улаанбаатарт шинжилгээ авах 20 цэг байгууллаа. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 4, Баянгол дүүрэгт 4, Баянзүрх дүүрэгт 4, Чингэлтэй дүүргийн 2 сургуулийн спорт зааланд шинжилгээ авахаар болжээ.

Шинжилгээ өгөх иргэн www.119.mn сайт руу орж бүртгүүлж, өөрийн байгаа дүүрэг, хорооны дугаар хийхэд шинжилгээ авах 20 цэгийн байршил автоматаар гарч ирэх юм. Ингэснээр иргэн өөрт хамгийн ойрхон байгаа шинжилгээ өгөх газарт хэдний өдөр, хэдэн цагт очихоо сонгоно. Иргэн шинжилгээ өгөхдөө захиалсан цагтаа очих шаардлагатай бөгөөд PCR шинжилгээний хариу 6-8 цагийн дараа гарах юм.

Үүнд, УОК ямар зарчим баримталж байгаа талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал тайлбарлахдаа, “Иргэд шинжилгээний хариугаа нэхэж бухимдах шаардлагагүй. Хариугаа www.119.mn сайт руу ороод харах боломжтой. 85 000 хүнд шинжилгээ хийх амаргүй ч ачаалал үүснэ, шинжилгээ өгч чадахгүй гэж иргэд сандрах хэрэггүй. Улаанбаатараас явахаас 2 хоногийн өмнө буюу 48 цагийн өмнө шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Нэг хоногийн өмнө ч шинжилгээ өгсөн байж болно гэсэн үг.

Шинжилгээний хариу, QR кодын хамт үзүүлж унаандаа суух бөгөөд орон нутагтаа очоод 14 хоног гэрийн тусгаарлалтад байх ёстой. Голомттой бүс нутгаас халдвар гараагүй аймаг, орон нутаг руу явж байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих учиртай. Орон нутагтаа очоод 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгнө. Хэрэв энэ хугацаанаас өмнө халуурах, бие эвгүйрэх, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад хандаж шинжилгээ өгөх шаардлагатай.

Хувийн унаа, нийтийн тээвэр алинд ч явсан нэг удаагийн амны хаалтыг 2 цаг тутам сольж, гар ариутгагч хэрэглэн, бусадтай аль болох хүрэлцэхгүй, ярихгүй, нэг дор бөөгнөхгүй, зай барьж зорчих хэрэгтэй” гэлээ.

Мэргэжлийн байгууллага зорчигчдод төдийгүй тээвэрлэгчдэд шаардлага тавих юм. Тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компани, жолооч  мөн өөрсдийн болоод бусдын эрүүл мэндийг хамгаалж, халдвар хамгааллыг сахих шаардлагатай. Амны хаалт, бээлийтэй байх, хог хаягдлыг яаж авч явахыг журмаар зохицуулжээ. Энгийн үед Улаанбаатар хотоос орон нутаг руу 10-12 мянган иргэн зорчдог байсан бол халдвар хамгааллын дэглэмийн үед өдөрт 8500 иргэн хөдөө орон нутагт зорчих юм.

“Сонгино” дэд станц ашиглалтад орлоо
“Сонгино” дэд станц ашиглалтад орлоо
 
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.