Улсын онцгой комиссын даргын шуурхай хуралдаан Төрийн ордонд болж байна. УОК-ын даргын шуурхай хуралдаан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өдөр бүр болж буй. Ингэхдээ цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, шаардлагатай үед шийдвэрүүдийг гаргаж байна.
Улаанбаатар хотоос орон нутаг руу явах 85 мянга орчим иргэн хүсэлт гаргажээ. Түүнчлэн нийслэл рүү ирэх хүсэлтэй 5300 орчим иргэн байна. Иймд зорчих хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-10 хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян
“Засгийн газар, УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы улмаас гацсан иргэдийн хүсэлтийг судалж ирэх сарын 1-нээс нэгдсэн зохион байгуулалттай зорчуулах тусгай журам баталлаа. Энэ ажлыг ЗТХЯ-ны Батболд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Бэлтгэл ажлын хүрээнд тасалбар түгээлт болон хувийн тэргээр зорчих хяналт бүртгэл 16 аймаг руу нээх бөгөөд халдвар бүртгэгдсэн таван аймаг эхний долоо хоногт багтахгүй. Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймгийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 7-оос нээнэ. Түүнчлэн Өмнөговь экспортын гол бүс тул зорчих хөдөлгөөнийг 7-ноос зохион байгуулна” хэмээлээ.