16 жил нөхөрлөж буй Б.Мөнхболд, О.Ууганбаяр: Энэ спортоос бид авах нэр хүнд, гавьяа шагнал, нөхөрлөл гээд бүх зүйлийг авсан. Зодог тайлахад харамсах зүйлгүй

Ангилал
Спорт
Огноо
Унших
11 минут 19 секунд

Монголын сагсан бөмбөгийн ривал болсон хоёр багийн тулаан гэвэл сагс сонирхогчид Танан Гарьд, Хасын Хүлэгүүд гэж нэрлэх нь лавтай. Хоёр багийн тоглолт Спортын төв ордонд хөл тавих зайгүй, дүүрэн үзэгчтэй явагддаг байсан гэдэг. Тус баг нь анх 2011 онд Спрайт хөгжлийн лиг, Спрайт супер лигт "Танан Гарьд" нэрээр орж, Аварга багаар тодрон 2012 оноос Дээд лигт дэвшин орсон түүхтэй.

Танан Гарьд баг өнөөдрийн BCH knights. Тус багийн хос багана болох Б.Мөнхболд, О.Ууганбаяр нар энэ жил зодог тайлахаа мэдэгдсэн. Б.Мөнхболд 39, О.Ууганбаяр 37 настай.

Нэгдүгээр сарын 25-нд BCH knights, Хасын Хүлэгүүд баг учраа таарах үед Хасын хүлэгүүд багийн хөгжөөн дэмжигчид дээрх хоёр тамирчинд хүндэтгэл үзүүлж, өмсгөл солилцсон. Энэ үеэр Б.Мөнхболд "Бид дайсан байгаагүй. Нэг зүйлийн төлөө тус, тусдаа өрсөлдсөн" гэдгийг онцолж байв. Үзэгчид Б.Мөнхболд, О.Ууганбаяр нарыг тэр өдрөө зодог тайлсан мэтээр буруу ойлголттой яваа талаар тэд ярив.

Аварга авчихвал бас больчихмоор санагдаад байгаа бололтой юм

May be an image of basketball, crowd and text

О.Ууганбаяр: Гурван тойрог болж тоглож байгаа учраас дахиж таарахгүй байх гэж бодоод Хасын Хүлэгүүд багийн фенүүд бид хоёрт хүндлэл үзүүлсэн юм байна лээ. Бид хоёр өмнө нь Хасын Хүлэгүүдэд тоглож байсан. Би тус багт тоглож байх үедээ тэргүүн тоглогч болж байлаа. Анзаарсан бол тэр солилцоод байгаа өмсгөл нь бид хоёрыг Хасын Хүлэгүүдэд тоглож байх үед өмсөж байсан өмсгөл. Гэхдээ хүн бүр буруугаар ойлгосон байна лээ. "Та хоёр зодог тайлаагүй юм уу" гээд асуугаад байсан. 2025 оноо дуусгаад зодог тайлна. Бид хоёр талбайд тоглох гээд бэлтгэлээ хийгээд байдаг гэтэл хүмүүс болиулаад байдаг. /инээв/

Б.Мөнхболд: Өмсгөлийн загвар, бичилт нь 2010 оны аварга авч байсан үеийнх байсан. Фенүүд нь бид хоёрыг Хасын Хүлэгт тоглож байсан гэдэг үүднээс хүндэтгэл үзүүлсэнд нь их баярласан. Олон жил манай хоёр баг өрсөлдөж яваа.

Б.Мөнхболд: Ний нуугүй хэлэхэд өнгөрсөн жил би зодог тайлчихъя гэж бодож л байсан. Энэ жил баг амжилт муутай байгаа учраас зодог тайлах хүртлээ дүү нартаа чадах ядахаараа хань болохоор шийдсэн. Тэртээ тэргүй сагсан бөмбөгөөс авах нэр хүнд, гавьяа шагнал найз нөхөд хамт олон гээд зөндөө зүйлийг авсан. Харамсах зүйлгүй.

О.Ууганбаяр: Үнэнийг хэлэхэд манай баг сүүлийн хэдэн жил аягүй сайн бүрэлдэхүүтэй байгаа мөртлөө бүтэлгүйтээд байгаа. Аварга авчих юм бол зодог чимээгүй тайлчихна даа гэх бодолтой хүлээгээд байсан чинь ерөөсөө болж өгдөггүй.

Б.Мөнхболд: Дотроо бас тиймэрхүү бодолтой явдаг шүү. Аварга авчихвал бас больчихмоор санагдаад байгаа бололтой юм. Болохгүй болохоор нь жаахан харзнаад л. Энэ жил яадаг ч байсан зодог тайлна даа. Би хамаагүй хэлэх гэсэн юмаа хэлчихдэг. Манай Уугаа чинь дуу муутай. Бид хоёр чинь нэгнээ мэддэг болоод 16 жил болж байна.

Багтаа үлдэж дасгалжуулагч хийх бус арын албанд ажиллах сонирхолтой байгаа

Б.Мөнхболд Өмнөговь аймгаас гаралтай ХҮДС Ёлууд багаас Дээд лигт 2004 онд багтан тоглож, анх төвийн тоглогч байсан. Энэ жил 21 дэх жилдээ тоглож буй.

Тэрбээр Монголын сагсан бөмбөгийн дундын болон алсын зайн шидэлтийг хамгийн өндөр хувьтай шиддэг лигийн мэргэн буучдын нэг.

Дээд лигийн дөрвөн удаагийн аварга, цагариган дээрээс довтлох тэмцээний 3 удаагийн аварга. Түүний хувьд 2004-2008 онд Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг зочид буудал, зоогийн газар менежмент мэргэжлээр төгссөн ч энэ мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй гэнэ.

О.Ууганбаярын хувьд Сэлэнгэ аймагт төрсөн Дархан хотоор овоглодог. Одоогоос 15 жилийн өмнө дээд лигийн Тэргүүн тоглогч болсон, 2013 онд өөрөөсөө дээшээ 2-3 үеийнхнээс түрүүлж улирлын MVP болсон түүхтэй. Тэрбээр 2005-2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгсжээ. Дээд лигт 19 дэх жилдээ тоглож байна.

Амьдралынхаа 19-21 жилийг сагсан бөмбөгт зориулсан учраас тэд заалаа тийм амар орхиод явж чадахгүй нь мэдээж.

Гэхдээ багтаа үлдэж дасгалжуулагч хийх бус арын албанд ажиллах сонирхолтой байгаа гэв. Түүнчлэн тэд Алдар спорт хороонд ахлах дэслэгч цолтой юм байна.

Б.Мөнхболд: Би олон жил сагс тоглосон учраас дасгалжуулагч хийх ямар хэцүү вэ гэдгийг мэднэ. Тиймээс би дасгалжуулагч хийхгүй. Тэр олон хүн өнөөдөр бэлтгэл дээр ямар сэтгэлзүйтэй орж ирж байна. Тэр бүгдийг мэдэрч, уншина гэдэг их хэцүү л дээ.

О.Ууганбаяр: Миний хувьд ч гэсэн адилхан. Дасгалжуулагч тийм амар хийчих ажил биш. Би өөрийгөө дасгалжуулагч хийж чадна гэдэгтээ итгэлгүй байна.

Дасгалжуулагч ойр, ойрхон солигдлоо. Бас бэртэл гэмтэл их байлаа

Үндэсний дээд лигийн 2024-2025 оны амжилтын хүснэгтэд BCH knights баг хоёрдугаар сард 6-7 дугаарт бичигдэж байгаа. Нэгдүгээр сард тавдугаарт бичигдэж байсан юм. Ийнхүү багийн амжилт ухарч буй шалтгааныг Б.Мөнхболд "Манай багийн амжилт 4-7 дугаар байрны хооронд хэлбэлзээд байгаа. Сүүлийн хоёр тоглолтоос хэд рүү орох нь хамаарна. Энэ сарын 27-нд Сэлэнгэ Бодонс багтай, гуравдугаар сарын 1-нд буюу шинийн нэгэнд Эрдэнэт Майнерс багтай тоглоно. Саяхан Монгол дасгалжуулагчаа гадаадаар сольсон. Дасгалжуулагч ойр, ойрхон солигдлоо. Бас бэртэл гэмтэл их байлаа. Манай хоёр тамирчин гэхэд Солонгос руу эмчилгээнд яваад ирсэн. Энэ хугацаанд бид сайн амраад, бэлтгэл сургуулилалтаа хийгээд явж байна" гэв.

Анх бол нэгнээ үздэггүй хоёр л байсан

Б.Мөнхболдын эмоцитой тоглолтыг үзэх гэж фенүүд нь спортын төв ордныг дүүргэдэг байсан талаар О.Ууганбаяр хуучлав.

О.Ууганбаяр: Анх бол нэгнээ үздэггүй хоёр л байсан. Би чинь харцага, Болдоо Ёлууд тоглодог байхад ах нар намайг "Болдоог харахаараа л шатаад байдаг. Аятайхан тоглол доо" гэж ярьдаг байсан. 2008 онд шигшээ багт дуудагдаад нэгнээ жаахан мэддэг болоод 2009 онд Хасын Хүлэгүүдэд хамт ороод бид хоёрын нөхөрлөл эхэлсэн. 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл салаагүй явж байна. Би чинь даруухан. Тоглолтон дээр хийх юм аа хийчихнэ. Болдоо талбай дээр сэтгэл хөөрөл, эмоци, celebration /эсрэг багаа өдсөн үйлдэл/ ихтэй. Тэр нь л намайг эсрэг баг байхад шатаадаг байсан байх гэж боддог. Бөмбөг авчхаад над руу ч арай буудсан үйлдэл хийгээгүй л дээ. /инээв/

Б.Мөнхболд: Ер нь би талбай дээр гарахаараа хамаагүй болчихдог. Цэврээ багш маань талбай дээр хүнд бүү ялагд чадах юмаа сайн хий л гэдэг байсан. Миний хамгийн сайн хийдэг зүйл нь самбараас бөмбөг авах. Тэрийгээ сайн хийгээд үсрээд бөмбөг авах, эсвэл гоол хийхдээ өөрийн мэдэлгүй л celebration гаргачихдаг.

О.Ууганбаяр: Болдоогийн тэр celebration багт их хэрэгтэй юм байна лээ. Багаа сэргээж чаддаг. Би бол тэгж сэргээж чаддаггүй. Манай хүн ганц хийчээд үйлдэл гаргахад заал тэр чигтээ сэргэдэг.

Хасын Хүлэгүүдтэй тоглохоор бүр цаанаасаа л celebration үзүүлмээр санагддаг

Б.Мөнхболд: Манай багийн хөгжөөн дэмжигч, багийн сэтгэлзүй шал өөр болдог. Нэг гоол оруулаад celebration хийхэд хуучин ордны буланд байдаг хөгжөөн дэмжигчид бүгд босоод ирдэг. Тэгэхэд эсрэг багийн сэтгэлзүй манай багийнх ч өөр болдог.

О.Ууганбаяр: Манай багийн дүү нар яг надтай адилхан. Хийх юмаа сайн хийж байгаа юм л даа. гэхдээ хэтэрхий даруухан гэх юм уу.

Б.Мөнхболд: Багийнхандаа залуу хүмүүс байж саагиад өгөөч гэхээр "За" л гэдэг. Миний үзүүлбэр чинь тухайн үед л гарчихдаг байхгүй юу. Хаана, ямар багтай тоглож байгаагаас бас шалтгаална. Хасын Хүлэгүүдийн өөдөөс тоглохоор бүр цаанаасаа л celebration үзүүлмээр санагдаад байдаг. Олон жил тоглочихоор сэтгэлзүйд тийм юм суучихдаг юм байна лээ.

Хасын Хүлэгүүдийн өөдөөс яах вэ гэхээс илүүтэй өнөөдөр жинхэнэ саагина даа гэдэг сэтгэлзүйтэй орж байгаа юм чинь. Ер нь хожсон ч хожигдсон ч юун дээр алдаж онов гэдгээ сайн ярилцах хэрэгтэй. Ялангуя хожигдлын дараа тэр тусмаа илүү сайн ярилцах ёстой, багаараа сайн ярилцаж байж л урагшилна. О.Ууганбаяр бид хоёр 2009 оноос хойш нэг багт тоглож байна. BCH knights баг маань 2011 оноос хойш явж байна. Цалинтай цалингүй, спонсор байгууллагатай, байгууллагагүй явж ирсэн. Дунд нь өөр багаас санал ирсэн ч хамт олноо орхиж чадаагүй. Бид хоёр энэ багаа бутраахгүйхэн аваад явчихъя гэж өнөөдрийг хүрсэн.

Ирэх сарын 1-нээс БНСУ руу онгоцоор зорчиход powerpank, электрон тамхи гар тээшинд авч зорчихыг ХОРИГЛОНО
Ирэх сарын 1-нээс БНСУ руу онгоцоор зорчиход powerpank, электрон тамхи гар тээшинд авч зорчихыг ХОРИГЛОНО
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!