"NTV" телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит зочноор Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяр оролцсон билээ.
Энэ үеэр тэрбээр 2019 онд хэвлүүлсэн Жаран хоног “Жаран”-ы бутархай” нэртэй номынхоо ээлжит дугаарыг энэ хавар гаргахаар бэлтгэж байгаа талаараа хуваалцсан юм.
Ингэхдээ тэрбээр "Эхний ном 2019 онд гарсан байх. Одоо бараг зургаан жил болох гэж байна. Хуримтлагдсан юмнууд номын хэмжээнд хүрсэн эсэхийг тухай бүрд нь хараад явдаг. Хааяа тэмдэглэл хийнэ. Ганц нэг юмыг санавал бичиж байгаад тэгэсгээд орхичихдог. Ноднин би "Нэпко" хэвлэлийн компанитай тохиролцоод урьдчилгааг нь авсан. Урьдчилгаагаа надад өгсөн юм чинь номоо шаардаад эхэлсэн. Би хавар, намар гэж хойшлуулсаар байгаад энэ хавраас гаргахаас өөр аргагүй болж байх шиг байна. Материалууд нь цугласан. Ном гэдэг их сонин юм байна. Сүүлдээ яг амьд бие организм юм шиг санагдаад явчихдаг юм байна лээ. Дотор нь янз бүрийн юм их бичигдсэн байгаа. Ялангуяа дурсамжийн ном учраас хүний бие махбодь шиг. Гурван боть гаргачихдаг юм уу гээд "Нэпко" хэвлэлийн компанитай ярьсан" гэв.
Дашрамд сануулахад, Авлигатай тэмцэх газраас С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татан 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон бөгөөд хоёр сар хорьж, зургадугаар сарын 8-ны өдөр сулласан байдаг. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон тэмдэглэлээрээ ийнхүү Жаран хоног “Жаран”-ы бутархай” ном гаргаж байсан түүхтэй.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!