УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Пүрэв гарагийн (2024.11.14) чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд урьдчилан хүргүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, хариулт авсан юм.
Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх найруулгын санал мөн дэмжигдсэн.
Үргэлжлүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжээгүй, зарчмын зөрүүтэй 6 саналаар санал хураалт явуулах байсан ч Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар саналаа буцаан татсан тул 5 саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 3 томьёоллоор санал хураалт явууллаа. Ингээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!