УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар /2024.10.28/ Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлийн танилцуулгуудын талаар мэдээлэл сонсож, хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг парламентад суудалтай улс төрийн бүх намын төлөөллөөс бүрдсэн 15 гишүүнтэй ажлын хэсэг боловсруулсан бөгөөд таван зорилго, 16 арга хэмжээг хэрэгжүүлж, хүрэх үр дүнг тусгасан. Стратеги төлөвлөгөөний гол зорилго нь Монгол Улсын Их Хурал хүн төвтэй, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжил, инновацыг дэмждэг, олон ургалч үзлийг хангасан парламент байх юм. Мөн Парламентын гишүүд сонгогчдын өмнө ажлын гүйцэтгэл, ёс зүйтэй байдлаа хариуцан тайлагнадаг байх хариуцлагын тогтолцоог төлөвшүүлж хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй засаглалын бодлогыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорин ажиллана.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглосон бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг 20 хүртэлх жил болгон өөрчлөх зохицуулалт оруулсан.
Мөн цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн ураны хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байх; Цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр 0-130 ам.доллароор ангилж, 0-9 хувь хүртэл нэмэгдүүлж тооцох зэрэг Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хуулийн зохицуулалтыг бий болгоно.
Тиймээс дээрх тогтоолын төсөл болон хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжлээ.
Эрчим хүчний салбарын үнэ тарифын шинэчлэлийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийж, бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд засгийн газар болон Эрчим хүчний реформын үндэсний хорооноос дэвшүүлж буй эрчим хүчний салбарыг либералчлах ажлын талаар мэдээлэл сонслоо.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!