Аз жаргалын төгсгөлд, Андын дурсгалд, Мөсөн хайр, Зүрхгүй, Зүрхэн тэнгэрийн нар зэрэг олон дуунуудаараа залуусын эчнээ танил болсон хамтлаг бол "OUTLAW". 2004 онд Эрдэнэт хотод байгуулагдаж байсан эл хамтлагийн 20 жилийн ой энэ жил тохиож буй. Хамтлагийн сонин сайхан хийгээд тун удахгүй болох гэж буй хамтарсан тоглолтын талаар тэдэнтэй ярилцлаа.
-"All in hit" тоглолтод хамтлагийн гурван гишүүн оролцох юм байна. Танай хамтлагийн Ариука хараахан ирж амжсангүй юу?
Г.Чинзориг: Тоглолтод оролцоно. Ярилцлага авахад хараахан ирж амжсангүй.
-Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна даа?
Г.Чинзориг: Бэлтгэл үргэлжилж байна. Уран бүтээлээс гадна хийх ёстой олон зүйл байгаа. Тиймээс тус тусын хариуцсан зүйлсээ бэлдэж байна даа.
-Хамтлаг өнгөрсөн жилээс хойш форумдаа орсон харагдаж байна?
Г.Чинзориг: Тийм ээ. Энд тэнд байнгын тоглолттой байгаа. Тиймээс дуулалт талаасаа нэлээн бэлтгэлтэй байх болсон.
-Мөнхийн реп, Флаш, Noname гэх хамтлагуудтай өмнө нэг тайзан дээр гарч байсан тохиолдол хэр их вэ?
Б.Жаргалсайхан: Тусдаа гарч байсан удаа нь их байх. Яг энэ дөрвөн хамтлаг нэгдээд тоглож байсан удаагүй. Энэ утгаараа нэлээн онцлогтой байгаа. Өөрийн маань сонирхлыг ч их татаж байна. Тухайн үед дуунуудыг маань сонсож байсан залуучууд ирж, нэг оройн турш хайрын дуугаар амьсгалах болов уу.
Г.Чинзориг: Миний бодож байгаагаар, уйдах завгүй л тоглолт болох болов уу. Зарим тоглолтуудыг хараад байхад, сонсогчдын мэдэхгүй дуунууд хүртэл яваад байдаг шүү дээ. Харин энэ тоглолт дээр 100 хувь сонсогчдын мэддэг дуунууд явах юм. Бүгдийнх нь үг бүрчлэн мэддэг, дагаж дуулахаар дуунууд гэсэн үг л дээ.
-Сонсогчдодоо нэлээн баталгаа өгч байгаа байх нь ээ?
Г.Чинзориг: Тэгэлгүй яах вэ.
-Энэ жил 20 жилийн ой тохиож байгаа гэсэн үү?
Г.Чинзориг: Тийм ээ. Манай хамтлаг анх 2004 онд Эрдэнэт хотод байгуулагдаж байсан хамтлаг шүү дээ. Жагаа дараагаар нь би хамтлаг орж байсан. Эргээд харахад 20 жил болчихсон байна.
-Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн. Энэ үед та бүхэн амьдралынхаа аль хэсэгт илүү анхаарч байв. Буцаад тайзан дээрээ ирэх мөч ямар байв. Өнгөрсөн жил Европын хэд хэдэн орноор тоглоод амжсан шүү дээ?
Г.Чинзориг: Дээшээ 10, доошоо 10 гэдэг шиг бидний сонсогчид цаг ямагт бидэнтэй цуг байж л байдаг. Шинэ уран бүтээл гаргаагүй байсан ч сэтгэл зүрхэнд нь үлдчихсэн учраас манай хамтлагийн өмнөх дуунуудыг их сонсдог. Уран бүтээлээсээ хэсэг холдсоны дараагаар өнгөрсөн жил Европын орнуудаар хамтлагаараа явлаа. Зеритл маш сайхан хүлээж авсан. Маш их санасан байдаг юм билээ. Анзаарч харахад, тоглолтын дундуур манай зарим дуун дээр чин сэтгэлээсээ уйлаад зогсож байгаа залуус ч байсан. Түүнийг нь харахад маш сайхан санагдсан. Хүний дурсамжид үлдэнэ гэдэг.
-Өнгөрсөн хугацаанд хамтлагийн залуус бие биеэ хэр "нөхөж" ирсэн бэ. Хамтлаг уран бүтээлээ хэсэг хугацаанд завсарласан ч амьдрал дээр бол нөхөрлөл нь үргэлжилж л байх зүйл шүү дээ?
Б.Жаргалсайхан: Дуу, амьдрал гээд аль альд нь бие биеэ нөхөж, түшиж явдаг гэж боддог. Өөр өөрийн гэсэн онцлогтой, харизмтай хүмүүс нэг дор хамтлаг болсон шүү дээ. Тиймээс ямар нэгэн асуудал гарвал тэр бүр дээр нь бие биедээ анхааруулж, зөвлөх зүйл дээрээ зөвлөнө. Уран бүтээл дээр ч ялгаагүй.
-Та бүхэн сая хэлж байна л даа. Хайрын хамтлагууд гэж. Ер нь яагаад заавал уран бүтээлдээ барих сэдэв нь хайр байсан юм бол?
-Б.Жаргалсайхан: Хайр бол дуулахгүй байхын аргагүй хүчтэй сэдэв. Ямагт хүний амьдралтай салшгүй холбоотой зүйл шүү дээ. Тиймээс хайрыг дуулахаас өөр аргагүй л гэж боддог. Гэхдээ манай хамтлагийн дуунуудыг бүгд хайрын гэж хэлэхэд хэцүү. Олон сэдвээр дуулсан байдаг л даа. Эх орны тухай дуу хүртэл байдаг. Гол усаа дуулчихсан байдаг шүү дээ. Ээж, аав, найз нөхөд гээд л. Маш олон сэдвээр бүтсэн дуунууд бий.
-Та бүхний дуу одоо ч олон залуусын дурсамжтай цуг байдаг шиг санагддаг. Дуу үнэ цэнээ ийнхүү хадгалж яваа нь юунаас шалтгаалдаг гэж хардаг вэ?
Г.Чинзориг: Хүн бүхний л мэдэрдэг мэдрэмжийг бид дуулсан хэрэг л дээ. Тиймээс л бидний дуу дурсамжтай нь цуг явдаг байх. Бид бодит зүйлийг л дуулж буй хэрэг шүү дээ. Хийсвэр, төсөөлөлд байгаа зүйлийг дуулсангүй. Нэг ёсондоо, өөрт тохиолдсон үйл явдал, мэдрэмж гээд л олон зүйлийн хураангуйлал. Магадгүй түүнтэй адил дурсамжтай залуусын сэтгэлд манай дуу одоо ч байж л байдаг.
Б.Жаргалсайхан: Дуу тодорхой хэмжээнд үнэн байх хэрэгтэй. Үнэн сэтгэлээсээ баярласан, шархалсан мэдрэмж нь буухаар дуу илүү сүнслэг болж өгдөг гэж боддог. "Сүнстэй" болж хүмүүст хүрнэ гэж ярьдаг даа. Түүнээс өнгөцхөн бодоод л дуулбал хүнд хүрэх нь ч бага болов уу.
-Дууны үг, ая дээр хамтлагийн гишүүд бүгд оролцоотой явдаг уу?
Г.Чинзориг: Тийм ээ. Манай хамтлагийн нэг онцлог нь тэр шүү дээ. Үгээ бичнэ, аяа зохиочихно. Ер нь тал талын л авьяастай залуус даа.
-Тун удахгүй болох тоглолтыг нь үзэхээр зорьж байгаа сонсогч фенүүддээ хандаж юу хэлэх вэ?
Б.Жаргалсайхан: Хип хопын хоёрдугаар үеийн төлөөлөл болсон хамтлагууд энэ үдэш нэгэн тайзнаа гарна. Бүгд л тайзнаасаа хэсэг хугацаанд холдоод байсан. Энэ утгаараа нэг дор эдгээр хамтлагуудаа харах учраас сонирхолтой санагдах байх болов уу. Мөн нэлээн дуулалттай, уянгалаг үдэш болох болов уу.
Ярилцсанд баярлалаа