Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан. Уг хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлохоор тусгасан. Харин үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0.6-2.0 хувиар тооцохоор тусгасан байдаг.
Өөрөөр хэлбэл, анх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн үнэлгээний 0.6-2.0 хувиар эд хөрөнгийн албан татвар төлнө. Энэ нь одоогийн зах зээлийн үнээс маш бага байгаа учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгаа" гэв.
Тухайлбал “Мандухай” зочид буудал хотын А зэрэглэлд байршдаг. Анх 2001 онд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээ 17.6 сая төгрөг гэж бүртгүүлсэн.
Улмаар эд хөрөнгийн албан татварт жилд 0.2 сая төгрөгийг төлж байна. Гэтэл өнөөдөр тус барилгын зах зээлийн үнэ 5.8 тэрбум төгрөгт хүрсэн.
Цаашилбал, БГД-ийн 3,4 дүгээр хороололд байршилтай “Элбэг” их дэлгүүр 2011 онд үл хөдлөхийн бүртгэлээ 180 сая төгрөг гэж бүртгүүлээд өнөөдрийг хүртэл 1.8 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлж байна. Гэтэл өнөөдөр зах зээлийн үнэ 7.5 тэрбум төгрөг болсон. Энэ мэт 2000 онд батлагдсан хуулиар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэж зах зээлийн үнээс бага албан татвар төлж байгаа энэ асуудлыг өөрчлөх шаардлага байгаа гэдгийг онцлов.