ЦУВРАЛ: УИХ-ын гишүүдийн үнэт эдлэл хэдэн саяар нэмэгдсэн ч Ч.Ундрамын 1 тэрбумын үнэт эдлэлийг давж чадсангүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 39 секунд

УИХ-ын гишүүн гэх гуншинтайгаар дөрвөн жилийг ардаа үдсэн 76 гишүүний хөрөнгө хэр "хөдөлгөөн"-д орсон талаарх мэдээллийг бид цувралаар бэлтгэн хүргэж буй. Өнгөрсөн удаад тэдний хадгаламж, үл хөдлөх хөрөнгө, өөрийн болон гэр бүлийн орлогын өөрчлөлтийг харуулж байв. Тодруулбал, сонгуульд нэр дэвших үедээ мэдүүлсэн тэдний хөрөнгө орлогыг УИХ-д гурван жил суусны дараах үзүүлэлттэй харьцуулахад тэрбум, тэрбумаар нэмэгдсэн нь ч харагдаж байлаа. Олны дунд "орон гэргүй" хэмээн онцгойрсон гишүүд ч байсан юм. Парламентын гишүүдийн бэл бэнчинг ийнхүү хадгаламж, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, орлого зэргээс төвөггүйхэн харж болохоор байгаа юм. Тэгвэл энэхүү цувралынхаа үргэлжлэл болгож тэдний ҮНЭТ ЭДЛЭЛИЙН өөрчлөлтийг харуулж байна. Ингэхдээ тэдний нэр дэвшигчийн ХОМ болон УИХ-д гурван жил суусны дараа тэдний үнэт эдлэлд ямар дүнгээр өсөлт, бууралт ажиглагдсан талаарх мэдээллийг нэгтгэлээ.

-УИХ-ын гишүүдийн үнэт эдлэл хэдэн саяар нэмэгдсэн ч Ч.Ундрамын 1 тэрбумын үнэт эдлэлийг давж чадсангүй-

Юун түрүүнд үнэт эдлэлийн үнэлгээнд ӨСӨЛТ ажиглагдсан УИХ-ын гишүүдтэй танилцъя. Тодруулбал, энэхүү үзүүлэлтийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 350 сая төгрөгийн үнэлгээгээр нэмэгдсэн үнэт эдлэлээрээ тэргүүлж байна. Удаагаар нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ч.Ундрам, Э.Бат-Амгалан, Х.Ганхуяг нар орж байна. Үнэт эдлэл нь хамгийн өндөр дүнгээр өссөн арван гишүүнийг авч үзвэл 10-350 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж буй юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нэр дэвших үедээ 808 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байсан бол 2022 оны мэдүүлэгтээ 1 тэрбум гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, түүний үнэт эдлэлийн мэдүүлэгт 200 сая төгрөгийн өсөлт гарсан байна. Харин Ц.Анандбазарын хувьд 350 сая төгрөгийн өсөлт үзүүлсэн ч Ч.Ундрамын үнэт эдлэлийн хөрөнгийг гүйцэж чадахааргүй буюу 600 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байна.

Харин Г.Амартүвшин 2019 оны нэр дэвшигчийн ХОМ-тээ 200 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлж байжээ. Харин УИХ-ын гишүүнээр гурван жил ажилласны дараагаар буюу 2022 оны ХОМ-тээ 480 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, эл хугацаанд 280 сая төгрөгийн өсөлт гарсан гэсэн үг юм.

Харин хамгийн бага дүнгээр өсөлт гарсан нь УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан нар байна. Тэдний үнэт эдлэлд 2-7 сая төгрөгийн хооронд өсөлт үзүүлжээ.

-УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 120 сая төгрөгийн үнэт эдлэлээ "алдсан" ч 700 саяын үлдэгдэл үнэт эдлэлтэй-

Үнэт эдлэлд нь бууралт ажиглагдсан гишүүдийг хоёр гишүүн тэргүүлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн үнэт эдлэл нэр дэвших үеийнхээс 120 саяар, Ж.Мөнхбатынх 115 сая төгрөгөөр буурчээ. Ийнхүү бууралт гарсан ч тэдний одоо эзэмшиж буй үнэт эдлэл тодорхой хэмжээнд өндөр хэвээр. Учир нь Ш.Адьшаа 2022 оны мэдүүлэгтээ 770 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлсэн байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2022 оны ХОМ-ээ өгөөгүй байна.

-Үнэт эдлэлээ "хадгалж чадсан" 33-

УИХ-ын гишүүдээс 33-ынх нь үнэт эдлэлд өөрчлөлт гараагүй байна. 2019 оны нэр дэвшигчийн ХОМ болон 2022 оны ХОМ хооронд өсөлт болон бууралт ажиглагдаагүй гэсэн үг юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан анх 23 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж байсан бол энэ үзүүлэлт нь 2019-2022 онд хэвээр хадгалагджээ. Түүнчлэн энэ жишгээр хөрөнгөө хадгалсан Д.Өнөрболор, Г.Мөнхцэцэг, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, С.Амарсайхан, Х.Нямбаатар, Л.Энх-Амгалан нарын 33 гишүүн байгаа юм.

-Үнэт эдлэлгүй 23-

УИХ-д хөл тавихаасаа ч өмнө үл хөдлөх хөрөнгөгүй байсан УИХ-ын гишүүдэд дээрх 23 гишүүн багтаж байна. Бусад гишүүдийн тухайд үнэт эдлэлийн үнэлгээнд нь өсөлт, бууралт тодорхой хэмжээгээр гарсан байгааг бусад дата мэдээллүүдээс харж болно.

-Г.Занданшатарын "ангийнхан" хэдэн төгрөгийн ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ вэ-

Тэгвэл одоогийн УИХ-ын гишүүдийн үнэт эдлэлд хэдэн төгрөг эргэлдэж байгаа гэж та таамаглаж байна. Тодруулбал, 2023 онд мэдүүлсэн 2022 оных нь ХОМ-ээр Г.Занданшатар даргатай парламентын гишүүд нийт 14.2 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй аж.

-"Ажнай" Д.Бат-Эрдэнэ 3.7 тэрбум, Л.Энх-Амгалан 1.6 тэрбум төгрөгийн үнэт эдлэлээрээ УИХ-д толгой цохиж байна-

УИХ-ын гишүүн "Ажнай" Д.Бат-Эрдэнэ орлого, хадгаламж зэрэг олон үзүүлэлтээр УИХ-д толгой цохидог. Тэгвэл Д.Бат-Эрдэнийн тэргүүлэх үзүүлэлт энэ удаад дахин нэгээр нэмэгдсэн нь үнэт эдлэл юм. Тодруулбал, тэрбээр нэр дэвших үедээ 3.7 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлж байсан бөгөөд УИХ-д гурван жил суусны дараах мэдүүлэгтээ ч энэ үзүүлэлт нь хэвээр байгааг дурдсан байна. Товчхондоо, түүний үнэт эдлэлийн хэмжээнд огцом өөрчлөлт гарахаасаа илүүтэй тогтвортой байдлаа хангажээ. Удаагаар нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Ц.Анандбазарыг ч нэрлэж болох юм.

Тухайлбал, жагсаалтын 8 дугаарт бичигдэж байгаа УИХ-ын гишүүн П.Анужингийн хувьд, 555 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Тэрбээр 2019 оны буюу нэр дэвшигчийн ХОМ-тээ 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлсэн байна. Харин 2022 оны мэдүүлгээр энэ дүн нь 35 саяар нэмэгдэж, 555 сая болсон аж.

Үргэлжлэл бий...

БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургуулилт хийнэ
БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургуулилт хийнэ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!