Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дарга нарын эхнэр дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэлтэй холбоотойгоор төрийн байгууллагын машины улсын дугаарыг тод хөх өнгийн дэвсгэртэй болгох шийдвэр гарч байсан. Гэсэн хэдий ч энэ ажил удаашралтай, муу хэрэгжиж байгаад иргэн О.Цогтгэрэл шүүмжлэлтэй хандаж буй. Тэрбээр эл шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа төрийн байгууллагуудтай холбоотой асуудлыг АТГ-д хандахаар болжээ.
Тэрбээр энэ талаар:
-Иргэд олон нийт замын хөдөлгөөнд оролцож байхдаа төрийн албан байгууллагын автомашин байж болзошгүй гэх мэдээллүүдийг над руу ирүүлж байна. Авто тээврийн үндэсний төвийн Autobox аппликэйшний дагуу шүүгээд үзэхэд тухайн аппликэйшн дээр төрийн байгууллага, хувийх уу гэдэг нь гараад ирнэ. Тиймээс уг аппликэйшнээс авсан мэдээллийнхээ дагуу өөрийнхөө цахим хуудсан дээр эдгээр мэдээллүүдийг гаргаж тавьсан.
Төрийн машинаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх нь тасрахгүй байна. Эд нар ичихгүй байна. Хууль дээдлэх, ойлголт алга.
Хуулийг биелүүлэх зорилго, сэтгэл ч тэдэнд алга. Ер нь хэлтэрхий ч алга. Тэгэхээр эдгээр хүмүүсийг АТГ-д өгнө. Би удирдлагуудын нэр зааж өгнө гэж бодож байна. Учир нь тухайн байгууллагын төсвийг захиран зарцуулж байгаа хүмүүс нь дарга нар өөрсдөө.