ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хууль сахиулагчдад, мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулдаг асуудал хэрээс хэтэрч байгааг анхаарууллаа. Тодруулбал тэрбээр, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай уулзалт хийх үеэрээ, "Хууль сахиулагчдаа, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ. Хил хязгаар гэж байдаг. Энэ нь хүний эрх. Монгол Улсын Үндсэн хуулинд шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцдоггүй. Энэ зарчим эвдэгдээд хэвийн үзэгдэл болсон байна. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоохыг ХЗДХ-ийн сайдын хувьд үүрэг болгож байна. Энэ бол гэмт хэрэг. Энэ хэрэг одоогоор торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялтай. Энэ ялыг чангаруулах бодлогыг УИХ-д оруулж шийдвэрлүүлнэ. Хууль сахиулагчдын үйлдэж байгаа шалгагдаж байгаа хэргийн мэдээллийг задруулдаг энэ байдал өөрчлөгдөхгүй бол цаашид зөвхөн энэ төрлийн гэмт хэргийг шалгадаг бие мөрдөн шалгах алба байгуулах саналыг цаашид гаргахыг үгүйсгэхгүй" гэлээ.