ХЗХД-ийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын удирдах албан хаагчидтай уулзалт хийж байна. Энэ үеэрээ тэрбээр, бага насны хүүхэд хохирсон гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулах талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж яаралтай шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгосон. Бага насны хүүхдийг алах болон хүчирхийлэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулж, 20 хүртлэх жилийн ял оногдуулж байсныг 25-н жил болж нэмэгдүүлэх, гэмт этгээдийг магадлангаар суллаж, өршөөл уучлалд хамруулахгүй байх. Бага насны хүүхдийг алах гэмт хэрэг үйлдэж, 2002 оны эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн хэрэгт дунджаар 22.2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байсан бол 2015 оны эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн хэрэгт 14.25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байна. Энэ нь өмнөх хуультай харьцуулахад ялын бодлого найман хувиар зөөлөрсөн байна. Энэхүү алдааг шуурхай засаж залруулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хүчирхийлэгч нарын мэдээллийг нээлттэй болгох, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гудамж, зам талбайг бүрэн камeржуулах, жолооч нарын хариуцлагыг чангатгах, өмнө нь хувийн такси үйлчилгээнд явж байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн жолооны эрхийг нь шууд хасах зэргээр бага насны хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг олон улсын сайн үндэслэн зохион байгуулах шаардлагатай байна. Энэ хүрээнд нэн тэргүүнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж зохион байгуулах шаардлагатай боллоо" гэлээ.