Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин эрс нэмэгдсэн. Үүнээс үүдэн Сэлбэ голын далан сэтэрч ойр, орчмын хотхон хороолол, байр орон сууц руу их хэмжээний үерийн ус орж улмаар тог цахилгааныг хязгаарлаад байсан юм. Мөн энэхүү нөхцөл байдлаас үүдэн зарим замыг түр хугацаагаар хаасан. Иймд бид үерийн нөхцөл байдал болон түр хугацаанд хаагаад буй замуудын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Очирбатаас тодрууллаа.
-Үерийн усны түвшин их байгаа хэсгүүдэд замын нөхцөл байдал ямар байна вэ?
-Нийслэл хотод сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооноос үүдэн Дунд гол болон Сэлбэ гол, Туул голын усны түвшин нэмэгдсэн. Ялангуяа Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэнээс үүдэн зарим хэсгүүдэд далан задарч, орон сууц болон барилга байгууламж руу орсон нөхцөл байдал бий болсон. Цагдаагийн алба хаагчид өчигдөр шөнийн 02:00 цагаас эхлэн үерт автсан хэсгүүд болон хүнд нөхцөл байдалд байгаа газруудад ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, эд хөрөнгийг хамгаалах мөн далан босгох ажилд гар бие орж ажилласан.
Мөн өчигдөр өдөр Нийслэлийн засаг даргын А/730 буюу түр зам хаах захирамж гарсан. Энэ захирамжид тусгагдсанаар,
- Өргөө амаржих газраас урагш Нарны зам руу холбогдох хэсэг
- Натур худалдааны төвөөс Нарны зам руу холбогдох хэсэг
- Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо болон БЗД-ийн Баян Монгол хороололтой холбогдсон нүхэн гарц орчмын замуудыг нөхцөл байдал хэвийн болох хүртэл хязгаарласан.
Үүнтэй холбоотойгоор зам хааж, цагдаагийн алба хаагчид хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллаж байна. Мөн зарим хэсгүүдэд тог тасарсны улмаас гэрлэн дохио унтарсан нөхцөл байдалтай байгаа. Үүнд цагдаагийн байгууллагаас бие зохицуулалтыг хийж ажиллаж байна.
Мөн Улаанбаатар хотын замын нөхцөл байдал хүндэрч, зогсох байдалд хүрсэн. Иймд ард иргэд, жолооч нарыг хэсэг хором автомашинаас татгалзахыг уриалж байна. Түүнчлэн үерийн аюултай нөхцөл байдал үүссэн газруудад зорчиж буй иргэд цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх зэрэг асуудал тулгарч буй.
Цаг агаарын урьдчилсан нөхцөл байдлыг авч үзвэл энэ сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилсэн бороо орох төлөвтэй. Өнөөдрийн хувьд гэхэд хур тунадас орох магадлал 80 хувьтай байгаа. Түүнээс гадна бороо орсны дараа нар гарсан тохиолдолд усны түвшин ихэсдэг. Тиймээс үерийн аюултай газруудад далан босгох ажил хийж байна. Мөн ачааны автомашин, бага оврын ачааны машиныг дайчлан шороо, чулуу зөөвөрлөн ажиллаж байгаа. Гэвч иргэдийн зүгээс зам хаах, орц, гарцыг чөлөөтэй нэвтрүүлэхгүй байх, зам хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх гэх зэрэг асуудал гаргаж буй. Тиймд ард иргэд энэ нөхцөл байдлыг ойлгож, алба хаагчдыг дэмжин ажиллахыг хүсэж байна.
-Орон нутгийн замд нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Хэд хэдэн нутагт хур тунадас орж байгаа. Бид өнгөрөгч зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгддэгтэй холбогдуулан "Нэг зам Нэг соёл" арга хэмжээг эхлүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд цагдаагийн алба хаагчид тодорхой маршрутад хяналт шалгалтыг 24 цагаар хийж ажиллаж байна. Орон нутгийн замд зорчих хэсэг усанд автах, үзэгдэх орчин хязгаарлагдах тохиолдол бий болдог. Тиймээс орон нутгийн замд зорчихоор төлөвлөж буй иргэд сонор сэрэмжтэй байж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг сануулж байна.
Мөн одоогоор орон нутгийн замд үер буусан, нөхцөл байдал хүндэрсэн гэх зэрэг мэдээлэл ирээгүй байна.
-Өнгөрсөн жилүүдэд зарим байршил дахь нүхэн гарцууд усанд автах тохиолдол гардаг байсан. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцууд дүүрсэн эсхүл үерийн ус түрж орж ирсэн нөхцөл байдал бий юу?
-Дунд гол, Сэлбэ гол, Туул голын түвшин хэвийн хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн байгаа. Бид Сэлбэ голын энгийн үед явганаар туулаад гардаг байсан бол одоо тэгэх боломжгүй байгаа. Замын тэмдэг тэмдэглэгээ 2,40 метр өндөртэй байдаг бол тэмдгийн түвшнээс илүү нэмэгдсэн.
-Хаасан замуудыг хэзээ нээх вэ.Тодорхой хугацаа бий юу?
-Хугацаа заагаагүй. Энэ нөхцөл байдал хэзээ хэвийн болно тэр үед замуудыг нээнэ. Мөн Хүннүгийн гудамж болон ХУД-ийн нэгдүгээр хороонд их хэмжээний ус тогтсон тул өчигдөр зам хаасан байгаа.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.