Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хашаа, хороонд хяналт тавьж, засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас хамтран дээрх чиглэлээр хяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулж ажиллаж байна.
Хотын Захирагчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж, олон жил стандартын дагуу ашиглагдаагүй явган хүний авто зам хааж хашаалсан, орчны аюулгүй байдлыг зөрчсөн 7 иргэний хашаануудыг албадан буулгалаа.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батчимэг “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангуулах шаардлагатай 147 хашаа байна гэсэн тооцоо гарсан. Үүнээс мэдэгдлээ аваад өнгө үзэмжээ сайжруулья гэсэн 48 аж ахуйн нэгж байна. Энэ ажил дүүргийн 11 дүгээр хорооноос эхэлж, өнөөдөр ХААИС-ийн баруун талд байрлах гурван газар эзэмшигчтэй боловч газраа зориулалтын дагуу ашиглаагүй, хог шороонд дарагдсан хашаа байсныг албадан буулгаж, явган хүний замыг чөлөөлж байна” хэмээв.
Нийслэлийн хэмжээнд энэхүү чиглэлээр газар дээр нь үзлэг шалгалт хийж, 150 байршилд 420 обьектэд зөрчил илрүүлэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүний дагуу зөрчлөө арилгаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд барилга, газрын хашааг албадан буулгах ажил үргэлжилнэ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс