Засгийн газар өнгөрөгч Баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбогдох төрийн нууцын зэрэглэлтэй есөн оффтейк гэрээг ил болгосон. Эдгээр дунд "Богдхан" төмөр замын төслийн суурь бүтцийн барилга угсралтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх "Тавантолгой төмөр зам" ХХК-тай байгуулсан гэрээг "МАШ НУУЦ" зэрэглэлд багтаасан байжээ.
Тодруулбал, “Богдхан” төмөр замын шугам нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг /”УБТЗ” ХНН/-ийн гол замаас Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөл юм. Төслийн суурь бүтцийн барилга угсралтын бүтээн байгуулалтын ажлыг Засгийн газрын тогтоол ёсоор "Эрдэнэс Тавантолгой" ХК санхүүжүүлэхээр гэрээнд тусгагдсан байдаг. Ингэхдээ нийт санхүүжилтэд 670,2 сая ам доллар шаардлагатай хэмээн тусгагдсан. Энэ нь өнөөгийн ханшаар 2.3 их наяд орчим төгрөг болно.
Өөрөөр хэлбэл, "Тавантолгой төмөр зам" ХХК 144.9 км бүхий "Богдхан" төмөр замын төслийн км тутамд 16 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн тусгасан эл гэрээг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ын Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар үзэглэжээ.