Нүүрсний хулгайн асуудал олон нийтийн анхаарлыг татаж, нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан залуучуудын жагсаал 7 дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл нүүрсний хулгайтай холбоотой УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Нүүрсний хулгайн голлох дүн Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгатай хамааралтай гэдгийг би ч бас шууд л хэлье... Бидний хайгаад байгаа 44 их наядын нүүрс хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Үүнд: алдагдсан нүүрс ч байгаа, үнийн зөрүү, тээврийн хохирол, нууц гэрээ /оффтейк/ гээд олон зүйлээс бүрдэнэ.
Хамгийн гол нь манай улс өнгөрсөн олон жилүүдэд нүүрсээ төмөр замаар биш машинаар зөөж байсан. Ковидын жилүүдэд тээврийн үнэ бүр тэнгэрт хадсан. 1 тонн нүүрсийг 30 км газарт 400 доллароор зөөж байсан гэдгийг сая хэлэлцүүлэг дээр гишүүд хэлж байна. Энэ үнэн.
Төмөр замаар танк орж ирнэ гээд гацааж байсан түүхтэй хүн шүү дээ экс ерөнхийлөгч...
Жич: Намайг нүүрсний хулгайд хамааралтай юу гэж БГД-ээс сонгосон сонгогч асууж байсан. Би хамааралгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье.." гэлээ.