Урьд шөнө болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын Аргентин-Холландын тоглолтын үеэр нэгэн харамсалтай зүйл тохиолдсон билээ. "Лусиал" цэнгэлдэхэд уг тоглолтыг сурвалжлан, ажиллаж байсан АНУ-ын сэтгүүлч Грант Уол ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн боловч нас баржээ.
48 настай Г.Уол нь CBS телевизийн спортын сэтгүүлчээр ажилладаг бөгөөд хөлбөмбөгийн найман ДАШТ-д ажилласан туршлагатай сэтгүүлч байлаа.
Хэдхэн хоногийн өмнө тэрбээр "Олон хоног нойр , хоол дутуу, өндөр ачаалалтай ажилласнаас болсон уу бие өвдөж , Хэвлэл мэдээллийн төвд байдаг эмнэлгийн хэсэгт үзүүллээ. Намайг бронхиттой байна гээд эм өглөө" хэмээн хувийн сошиал хуудсандаа бичиж байжээ.
Г.Уол өмнө нь бэлгийн цөөнх, ижил хүйстнүүдийн бэлгэдэл болдог солонгон өнгөтэй цамц өмссөнөөсөө болж Уэльс-АНУ-ын үед хамгаалалтынханд саатуулагдаж байсан юм.
Өнөөдөр Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгч Жианни Инфантино талийгаачийн эхнэр Селин болон гэр бүл, ойр дотныхонд хандан нийт хөлбөмбөгийн " ам бүл"-ийн өмнөөс эмгэнэл илэрхийллээ.
Г.Уолын нас баралтын шалтгааны эцсийн албан ёсны дүгнэлт хараахан гараагүй байна.
Дашрамд өгүүлэхэд, Катарт гадаа халуун боловч барилга байгууламж, хэвлэл мэдээллийн төв, цэнгэлдэх хүрээлэн, автобус бүгд хүйтэн агаараар байнга үлээдгээс сэтгүүлчид, тамирчид ханиад хүрэх тохиолдол элбэг байгаа. Мөн хэсгийн тоглолтын үед өдөр бүр дөрвөн тоглолттой, сүүлчийн тоглолт үдшийн 22:00 цагаас эхэлж, шөнө дунд хүртэл үргэлжилдэг, тоглолт дуусаад мэдээ, мэдээллээ бэлтгэх, дамжуулах, цэнгэлдэх, мэдээллийн төв, зочид буудлын хооронд явсаар бараг үүр цайлган, маш их ачаалалтай ажиллаж буйгаа олон арван сэтгүүлчид өгүүлж байгаа билээ.
Эх сурвалж: Таван цагариг сонин