УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-АН-ын асуудал юу болж байна вэ. С.Эрдэнээс АН-ынхан тамгаа авах гээд өчигдөр намын байрны гадаа цугласан байна лээ?
-Улстөрийн нам гэж үүсгэн байгуулагчаасаа салж, урт хугацаанд үйл ажиллагаа явуулсан намыг хэлдэг. Үүсгэн байгуулагчтайгаа хамт үгүй болж байгаа зөндөө нам байна. Өнөөдөр МАН дэлхийд хамгийн урт настай нам. 100 гаруй жилийн настай. Энэ нам яагаад ийм урт хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна вэ гэвэл үүсгэн байгуулагчаасаа салж чадсан гэсэн үг. Анхныхаа долоог буудаж алаад, заримыг нь хорлож алсан. Тиймээс дараа дараагийн дарга нар нь өөрсдийнхөө өмч гэж үздэггүй учраас тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа явуулаад дараагийнхаа хүндээ өгдөг. Гэтэл АН одоо хүртэл үүсгэн байгуулагчаасаа салж чадахгүй байна.
1990 онд ардчилсан хувьсгал хийсэн, энэ намыг байгуулсан хүмүүс одоо хүртэл салж чадахгүй. Энэ намыг хэнд өгөхөө өөрсдөө шийднэ гэж ярьдаг. Миний өмч байхад яахаараа залуучууд дайрдаг юм гэж ярьдаг. Энэ бол маш хариуцлагагүй зүйл. Бид АН-ын ах нарыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайд дарга болтол нь гутлынхаа улыг цоортол явсан. Гэтэл иргэдэд байтугай гишүүд дундаа хүртэл нэр хүндгүй болчихлоо. Тийм байтал дахиад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болно. Та нар бидний төлөө зүтгэх ёстой гээд явж байна. Гишүүд нь одоо цөхрөнгөө барчихаад байна. Тиймээс АН гишүүдээ сонсдог, үүсгэн байгуулагчаасаа салж, гишүүдийн нам болох ёстой. АН-ын залуучууд үүсгэн байгуулагчдыг хөөж зайлуулаад нэгдэх ёстой. Тэгэж байж энэ нам цаашдаа чадвартай явна. Үүсгэн байгуулагчид нь нэр хүндээ алдсан. МАН-ын намтай нийлж, намаа шившигт хутгаад байна.