Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигаар төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт олголоо.
Энэ үеэр АНУ-ын эрдэмтэн, монголч эрдэмтэн Жак Уэтерфорд сэтгэгдлээ ийн илэрхийллээ. "Баярлалаа Монголчуудаа. Дэлхийн түүхэнд агуу баатарууд ямагт хууль ёс тогтоогч байдаг. Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүр бурханы хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэж, нэгэн цул болгож хүн төрөлхтөний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч тэр хүсэл зорилгод хүрэхээр тэмцсээр байна.
Сая Монгол руу ирж явахдаа Хэнтийн тал нутаг дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө Өүлэн эх Хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг эх орон нь ингэж л сайхан харагдаж байсан байхдаа гэж сэтгэл зүрхэндээ бодож, огшиж байлаа.
Намайг дээхнэ үед Монгол руу нисэн ирж байхад дэлхий өөрийнхөө өдөр тутмын амьдралаа амьдарч л байсан. Монгол Улсад хэн юу хийж байгааг хэн ч төдийлөн сонирхоогүй, мэдэхгүй л байсан. Гэхдээ Монголын хөх тэнгэр нь улс толгод дээрээ цагаан цасан хадгаа дэлгээд хүүгээ угтаж байсан байхдаа гэж бид бодож байсан.
Газар дэлхий дээр хүмүүн мэдээгүй байж болно. Гэхдээ мөнх тэнгэр мэдэж байсан. Мөнх тэнгэр Чингис хааныг, Чингис хааны ард түмнийг, Чингис хааны ард түмний хувь заяаг мэдсээр ирсэн. Чингис хааны ариун үндэстнийг, Чингис хааны үр хүүхдүүдийг Монголын хөх тэнгэрийн алтан гэрэл цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна" гэлээ.