УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Энэ хууль Монголын нийгэмд хэрэгтэй. Өнөөдөр хүн үнэн хэлэхээс айдаг болсон. Бүгдээрээ хар амиа хичээдэг болсон. Тиймээс матах агуулгаараа бус тогтолцоо нь болохгүй байна, хууль бус зүйлийг яагаад хэлж болохгүй гэж.
Нөгөө талдаа, шүгэл үлээгчийг хамгаалах хэрэгтэй. Зах зээлд шилжсэнээс хойш мөнгөтэй хүн бүхнийг дийлдэг гэх ойлголт байна. Саяхан гарсан хүүхэд дайрсан хэрэгт мөнгөний хүч чадал ямар их вэ гэдэг нь харагдаж байна. Бүх зүйлийг худалдаж авна" гэв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шүгэл үлээгчийг хамгаалах асуудал нь гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиар яригдана. Ингэхдээ улс дотроо нүүлгэн шилжүүлэх, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гадаад улс орон руу шүгэл үлээгчийг нүүлгэн шилжүүлэх замаар гэр бүлийг нь хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм. Төрийн албан тушаалтан авлигажсан асуудал, нийтийн албан тушаалтан нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хуулийг зөрчсөн үйлдэл үйл ажиллагааг төрийн нууцтай танилцах явцад илэрснийг мэдээлэх нь төрийн нууцыг задруулсанд тооцогдохгүй гэж давхар хамгаалалт тогтоож байгаа" гэв.