УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Шүгэл үлээгчийг хамгаалах зохицуулалт байхгүйгээр хуулийн төслийг оруулж ирнэ гэдэг бол пропаганда маягийн хууль болж магадгүй болж байна. Хэлэлцүүлгийн явцад шүгэл үлээгчийн өргөн барьсан мэдээллийг хэр хугацаанд шийдэх, ямар процессоор хэргийг хянан шийдвэрлэх талаар хуульд тусгах хэрэгтэй. Шүгэл үлээгчийг хэрхэн хамгаалах талаар хуульд тусгахгүйгээр явуулна гэдэг буруу. Үүнийг яаж шийдвэрлэх юм бэ" гэв.
ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг "Эрх бүхий байгууллага шүгэл үлээсэн мэдээллийг хүлээж авсанаас хойш 30 хоногийн дотор хяналт шалгалтыг явуулж, буцаан мэдэгдэх үүргийг хүлээж байгаа. Шүгэл үлээгчийн өмгөөлөгч нь төлөөлөх эрх бүхий этгээд нь хамгаалалтын арга хэмжээ авья гэвэл АТГ болон бусад мэдээллийг шилжүүлж авсан байгууллагууд гэрч хохирогчийг хамгаалах хуульд заасан хамгаалалтын арга хэмжээ авах үүргийг хүлээнэ. Шүгэл үлээгч хувийн мэдээллээ олон нийтэд дэлгэхгүй байх асуудлыг хөндөн тавьж болно" гэлээ.