УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Батлут "Иргэд шүгэл үлээснээрээ урамшуулал авна гэж ойлгоод хилсээр хүнийг гүтгэх вий. Дургүй хүнээ эргэж матах, мөрдүүлэх шалгуулах, хүмүүсийн сэтгэл зүйд халдах талтай байна. Магадгүй энэ байдлаараа явбал аймшиг гэж яригддаг 1937-аад оны нөхцөл байдал давтагдах дүр зураг гарна гэж харж байна. Тэгэхээр үүнийг хязгаарлах шалгуурыг хэрхэн тогтоож байгаа вэ. Мөн энэ хуульд төрийн болон албаны нууцад заасан нууц мэдээллийг мэдсэн хүн шүгэл үлээхгүй байхаар энэ хуульд тусгасан байна. Том хулгай, төрийн нууц гэсэн тамгатай цаасны ард хулгай явагддагийг хүмүүс ярьдаг шүү дээ" хэмээлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлыг бид хуульчилж байгаа хоёр үндсэн зорилго бий. Нэгдүгээрт, төрийн байгууллага албан тушаалтан, нийтийн эрхзүйн субъектуудын хууль бус үйлдэл, үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах. Хоёрдугаарт, шүгэл үлээж байгаа хүмүүсийнхээ эрхзүйн байдлыг хамгаалж, элдэв шахалт хавчлага, дарамт мөрдлөгөд оруулахгүй байх үүднээс эрхзүйн байдлыг нь хамгаалж өгч байгаа" гэв.