“Чингис хаан, хаад язгууртны музей“ маргааш нээлтээ хийхтэй холбогдуулан албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Чингис хаад язгууртны музей маргааш өндөр үүдээ нээж байна. 2019 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа энэ музейг нээх саналыг гаргаж байсан. Монголчууд бид үндэстнээрээ нэгдэж энэ том бүтээн байгуулалтыг хийж чадсан гэж үзэж байгаа. Олон хүмүүсийн цаг зав, олон хүмүүсийн ур ухаан орж байж энэ музей нээлтээ хийж байгаа юм. Мөн энэ музей бол Монголчууд бид Чингис хааныхаа тэгш 860 жилийн ойд барьж буй том бэлэг. Гадны дотнын түншүүддээ талархал илэрхийлж байна.
Музейг олон түмэнд сурталчлах, Монгол хүн бүр ирж үзээд, хүн бүр Чингис хааныхаа хүндэтгэлийн танхимд ирж мөргөдөг, тэнд сүсэглэн өөрийгөө даатгадаг ийм байгаасай гэж хүсэж байгаа” гэлээ.