Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хөгжлөөс хойш татагчдад хариуцлага тооцохгүй бол бүдүүн бүлгийн “Шинэ сэргэлтийн“ ажил урагшлахгүй нь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 23 секунд

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг танилцуулсан. Тэр үеэр олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ гэдгийг илэрхийлсэн. Мөн "ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье" гэдгийг өөрийн амаар чуулганы индрээс мэдэгдсэн. Олон хүн энэхүү мэдэгдлийг сайшааж хүлээж авсан. Гэвч Ерөнхий сайдын ам, ажил зөрж буйг нотлох нэгэн жишээг дурдъя.

Өмнөговь аймгийн Цагаандэл Уулын боомт хүртэлх 270 км хүнд даацын хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалтыг нутгийн иргэд эсэргүүцсэн гэх шалтгаанаар уг замын ажлыг Ерөнхий сайд өөрийн амаар гацаасан байдаг. Тухайн үедээ мөн л ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг малчдын халуун алга ташилтаар шагнуулаад амжсан. Тус замын бүтээн байгуулалтын ажил Ерөнхий сайдын хэлж байгаачлан хөрш оронтойгоо тохиролцсон, томоохон төсөл мөнөөс мөн. Гэтэл чуулганы танхимд ярьж буй зүйл нь орон нутгийн соёлын төвийн тайзан дээр ялагддаг үнэ цэнгүй байгаад харамсах шиг.

Нөгөөтээгүүр өнөөх л нэг танил технологи гэж хардмаар. Эхлээд нутгийн иргэд, малчид, байгаль хамгаалагчид нэртэй хэсэг бүлэг гарч ирж улс оронд нэн чухал томоохон бүтээн байгуулалтын ажлыг эсэргүүцнэ. Дараа нь нэг том албан тушаалтан очоод сонгогчдын таашаалаар шийдвэр гаргачихдаг.

Манай улсын эдийн засагт эергээр нөлөөлөх том төслүүдийн бүтээн байгуулалтын ажил эхлэх үед эх оронч гэх сайхан нэрийг урдаа барьсан хэсэг малчид эсэргүүцэж, ашиг хонжоо хайж, уйлж өвөрдүүлсээр ам ташсан гэдгийг улсаараа мэднэ. Тэдгээр малчдын цаана тархийг нь угааж, шантааж хийлгэдэг бүлэг этгээдүүд байдаг гэдэг нь ил далд харагддаг. Олон томоохон бүтээн байгуулалтыг малчид болоод малчдыг өмнөө барьсан ашиг хайгчид эсэргүүцэж, цаг хугацааны хувьд асар их хохирол учруулдаг. Энэ байдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Төр засаг үүнтэй хуулиар тэмцэх цаг нэгэнт болжээ. Улс орны хөгжлийг гацаагсдыг учруулж буй хохирлынх нь хэмжээгээр хариуцлага тооцдог систем рүү чиглэхгүй бол "бүдүүн бүлгийн" "Шинэ сэргэлтийн" ажил урагшлахгүй л болов уу.

Ерөнхий сайд чуулганы индрээс хэлсэн шигээ ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцлийг үл тоон хөрш орнуудтай хэлэлцэн тохиролцсон Засгийн газрын томоохон төслүүдийг үргэлжлүүлэх ажлаа түргэвчлэх шаардлагатай. Улсын эрх ашгаас шантаажчидын ашиг хонжоо давах ёсгүй.

Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гаргаж Чингис хаан музейд зална
Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гаргаж Чингис хаан музейд зална
 
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.