Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан гурилын үнийг тогтвортой барьж байсан ч сүүлийн саруудад эрчимтэйгээр нэмэгдэж байна. Тийм ч учир олон нийтийн сүлжээгээр иргэд гурилын үнэ нэмэгдэж байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлэн арай хямд дээр нь эртнээс худалдан авах хэрэгтэй талаар ч хэлэлцэж байна.
Тэгвэл UBN.mn сайтын сурвалжлах баг гурилын үнэ яагаад нэмэгдэж байгаа талаар зарим гурилын үйлдвэрүүдээс тодруулсан бөгөөд энэ нь худалдагчид болон худалдан авалтад хэрхэн нөлөөж байгаа талаар сурвалжиллаа. Мөн гурилын үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг "Алтан тариа" ХХК-ийн жишээн дээр инфографик ашиглан дараах мэдээллийг бэлтгэлээ.
Шинэ ургацын гурил гарч эхэлсэн тул үйлдвэрүүд үнээ нэмжээ.
Бид иргэдийн олноор очин үйлчлүүлдэг Баянзүрх захад гурил, будааны худалдаачдаас мэдээлэл авахад дараах зүйлүүдийг хэлж байсан юм.
Улаанбаатар ХХК, Алтан тариа ХХК зэрэг том үйлдвэрүүд үнээ нэмэхэд бусад нь дагаад үнээ нэмчихдэг
Худалдагч Ш.Шижирбаатар "Үнэнийг хэлэхэд гурилын үнэ маш ихээр нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад худалдан авалт ч эрс багассан. Үйлдвэрүүд гэнэт үнээ нэмэхээр худалдагчид бидэнд ч төдийгүй худалдан авагчдад ч маш их хүндрэл үүсч байгаа. Улаанбаатарын 25кг-тай нэгдүгээр гурил 33,500 төгрөгөөр зарж байсан бол нэмэгдээд 39 мянган төгрөг болсон байна. Үйлдвэрээсээ 38 мянган төгрөгөөр ирж байгаа. Бид ирж байгаа үнэ дээр дор хаяж 1500 төгрөг нэмж зардаг байсан ч одоо тэгж чадахгүй байна. Угтаа бид буяны байгууллага биш шүү дээ.
Улаанбаатар гурил ХХК, Алтан тариа ХХК зэрэг том үйлдвэрүүд үнээ нэмэхэд бусад нь дагаад үнээ нэмчихдэг. Улаанбаатар гурил ХХК-ийн 25 кг-ийн дээд гурилыг саяхан 42 мянган төгрөгөөр зарж байсан бол одоо 51 мянган төгрөгөөр зарж байна. Бүхэл бүтэн есөн мянган төгрөг нэмэгдэж байгаа юм. Үнэхээр аймшигтай нэмсэн. Нэг кг гурил ойролцоогоор 400 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.
Улаанбаатарын 1кг дээд гурил 1900 төгрөгөөр зарагдаж байсан бол 2300 төгрөг болсон, Харин нэгдүгээр гурил нь 1600 төгрөгөөс нэмэгдээд 1900 төгрөг болсон байна. Улаанбаатар гурил ХХК-ийн хувьд үнээ нэмэхгүй байж байгаад саяхан нэмсэн.
Одоо бүр худалдан авагч нартаа гурилынхаа үнийг хэлэхээс ч айж байна. Хэн хэндээ хүндрэлтэй байна шүү дээ. Алтан тариа бол саяханаас үнээ нэмсэн. Угтаа гурилын үйлдвэрүүд өнгөрсөн жил хангалттай хэмжээний гурил нөөцөлсөн гэж байсан. Гэтэл одоо хуучин гурил уу шинэ гурил уу яг аль нь мэдэгдэхгүй хэрнэ ийм үнэтэй байгаад сэтгэл дундуур байна" гэсэн юм.
Харин тус захын өөр нэгэн худалдагч бидэн дараах зүйлийг ярьсан юм.
Гурилын үнэ нэмэгдэх сургаар гоймонгийн үнэ ч нэмэгддэг
Худалдагч Н "Гурилын үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн гоймонгийн үнэ нэмэгддэг. Ялангуяа "Тэсо" компани үнэ нэмэгдсэн талаар дуулсан бол тэр дор нь бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг. Жишээлбэл, Лафша 3 кг-ийн гоймонг 7500 төгрөгөөр зарж байсан бол одоо 15 мянган төгрөгөөр зардаг болж байна.
Уг нь энэ намар улаанбуудайн ургац хураалт өндөр гарч байгаа юм билээ. Өнгөрсөн жил тонн будаагаа 880 мянган төгрөгөөр тариаланчид зарж байсан бол энэ жил 1 сая төгрөгөөр гурилын үйлдвэрүүд авч байгаа гэж сонссон. Тиймээс гурилын үнэ нэмэгдэх нь аргагүй. Гэхдээ гэнэт маш өндөр дүнгээр нэмэгдэх нь буруу байх гэж харж байна. Худалдаачид бид гурил авахгүй бол яах гэж энд зогсох билээ. Өндөр үнэтэй байсан ч хамаагүй гурилаа авна шүү дээ. Үүн дээр төр засаг анхаарах хэрэгтэй байна.
Бидэнд гурилын үнэ яагаад нэмэгдэж байгаа талаар хэлдэггүй. Авахад л нэмэгдчихсэн байдаг" гэлээ.
Гурилын үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн талх, нарийн боовны үнэ ч дагаад өсдөг нь нууц биш. Тиймээс бид тус захын гурилан бүтээгдэхүүний тасгийн худалдагчаас нарийн боовны үнэ нэмэгдсэн эсэх талаар асуухад төдийлөн нэмэгдээгүй гэдгийг хэлсэн юм.
Гурилны үнэ нэмэгдсэн ч талх нарийн боовны үнэ төдийлөн нэмэгдээгүй
Худалдагч, "Нийгмийн сүлжээгээр гурилын үнэ нэмэгдэж байна гээд хэдийнээ мэдээлэл тархаад эхэлсэн байна лээ. Гэхдээ гурилын үнэ нэмэгдсэн ч манай захын хувьд талх, нарийн боовны үнэ одоохондоо нэмэгдээгүй байна. Жишээлбэл, атар талх зүссэн нь 1900 төгрөгөөр зарагдаж байгаа бол зүсээгүй нь 1700 төгрөгөөр зарагдаж байна" гэв.
Бид Гурилын үнэ яагаад нэмэгдсэн талаар зарим гурилын үйлдвэрүүдээс тодруулахад сав баглаа боодол болон улаанбуудайн үнэ нэмэгдсэнтэй шууд холбоотой гэх тайлбарыг өгсөн юм. "Алтан тариа" ХХК-ийн боруулалтын албанаас,
Улаанбуудайн үнэ нэмэгдсэнээс үүдэн гурилын үнэ дагаад өссөн
"Гурилын үнэ нэмэгдсэн нь улаанбуудайны үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Энэ талаар хэвлэл мэдээллээр ч их гарч байгаа. Түүнээс гадна дурьдаад байвал олон шалтгаан бий. Тухайлбал, түлшний үнэ, сав баглаа боодлын үнэ нэмэгдэж байгаагаас ихээхэн шалтгаалж байна. Заримдаа сав баглаа боодол урдаас орж ирэхгүй ч байх тохиолдол гарч байна.
Манай компани COVID19-ийн үед гурилын үнээ нэмэлгүй тогтвортой барьж, ашиггүй шахам ажилласан. Энэ жилийн хувьд үнээ яах аргагүй нэмэх шаардлага гарсан. Цаашид гурилын үнэ нэмэгдэх эсэхийг төдийлөн хэлж мэдэхгүй байна. Зах зээл ямар байхаас шалтгаалж байгаа.
Манай гурилнуудын хувьд наймдугаар сарын 22 болон есдүгээр сарын 14-ний өдрүүдэд үнээ нэмсэн. Төрлөөсөө шалтгаалаад 50-100 төгрөгийн хооронд нэмэгдсэн" гэх мэдээллийг өглөө.
Харин энэ талаар "Дорнод гурил" ХХК-аас,
Улаанбуудайн үнэ 70 хувиар нэмэгдэхэд гурилын үйлдвэрүүд 30 хувиар үнээ нэмдэг
"Гурилын үнэ нэмэгдсэн. Улаанбуудайн үнэ 70 орчим хувиар нэмэгдсэнээс үүдээд мөн шинэ ургацын гурил гарч эхэлсэнтэй холбогдуулан гурилын үнэ нэмэгдэж байгаа. Манай компани зүүн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад борлуулалт хийдэг. Бусад гурилын үйлдвэрүүдээс үнийн хувьд тийм ч их зөрүүтэй байдаггүй.
Улаанбуудайн үнэ 70 хувиар нэмэгдэхэд гурилын үйлдвэрүүд үнээ 30 хувиар нэмдэг. Энэ нь үйлдвэрүүдэд алдагдалтай ч адилхан хувиар нэмэх боломж байдаггүй. Хэрэв улаанбуудайтай адил нэмбэл бүр их асуудал гарах болдог. Тиймээс яамнаас өгсөн чиглэлийн дагуу гурилын үнээ нэмдэг" гэсэн юм.
Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн танилцуулгыг хийдэг. Тэгвэл бид НСГ-аас гаргасан зургаадугаар сараас есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаарх гурилын үнийн мэдээллээр дараах инфографикуудыг бэлтгэв. Ингэхдээ "Алтан тариа" ХХК-ийн гурилын зах, худалдааны төвүүдэд борлуулагдаж буй дундаж үнүүдийг хамруулж үзлээ.
Хамгийн сүүлийн статистик мэдээллээр "Алтан тариа" 25кг дээд гурил ойролцоогоор 46 мянган төгрөгөөр зарагдаж байна
Үүнд нэг кг гурилын үнийг хамруулж үзэх бөгөөд сард дунджаар 82 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин уг гурилын үнэ энэ долоо хоногт дээрх дүнгээр нэмэгдвэл 25кг гурил 48100 төгрөгөөр зарагдах аж.
"Алтан тариа" 25 кг нэгдүгээр гурил 38,225 төгрөгөөр зарагдаж байна
Нэг кг нэгдүгээр гурил дунджаар 60 төгрөгөөр нэмэгджээ.
"Алтан тариа" савласан дээдийн дээд 1кг гурил сар тутамд ойролцоогоор 60 төгрөгөөр нэмэджээ
Энд савлагаатай нэг кг-ийн гурилыг хамруулж үзэх бөгөөд үнийн хувьд харьцангуй нэмэгдсэн байгааг харж болох юм.
"Алтан тариа" савласан 1кг-ийн нэгдүгээр гурил сар тутамд ойролцоогоор 80 төгрөгөөр нэмэдсэн байна
Энд савлагаатай нэг кг-ийн гурилыг хамруулж үзэх бөгөөд үнийн хувьд харьцангуй бага нэмэгдсэн байгааг харж болно.
"Алтан тариа" савласан нэгдүгээр гурилын үнэ наймдугаар сарын дунд үе хүртэл тогтвортой байжээ
Гурилын үнэ өнгөрсөн наймдугаар сарын дунд үеэс эрчимтэйгээр нэмэгдсэн байна. Доорх инфографик нь иргэдийн өргөнөөр хэрэглэдэг "Алтан тариа" ХХК-ийн савласан 1-р гурилын жишээ юм. Үүнээс харахад гурилын үнэ наймдугаар сарын дунд үеэс 7,8 хувиар буюу 126 төгрөгөөр нэмэгджээ.
Дээрх сурвалжилгаас харахад гурилын үнэ зургаадугаар сараас долоодугаар сар хүртэл хэвийн байсан бол шинэ ургацын гурил гарч эхэлсэн цагаас эрчимтэйгээр нэмэгджээ. Гурилын үнэ ийнхүү өсөхөд олон шалтгаан байгаа аж. Тухайлбал, улаанбуудайн үнэ нэмэгдсэн болон сав баглаа боодол хомстсон мөн шинэ ургацын гурил гарч байгаагаас шалтгаалан ийнхүү нэмэгджээ.
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн гурилын үнийг тогтвортой барьж байсан ч үнэ нь ийнхүү эрчимтэйгээр нэмэгдэж байгаа нь иргэд болон худалдагч нарт ч хүнд байгаа нь нууц биш. Энэ бол өнөөдрийн байдал дээрх бодит жишээ. Цаашид гурилын үнэ хэрхэн нэмэгдэх нь эргэлзээтэй хэвээр байна. Бүр нэмэгдэхгүй байхыг ч үгүйсгэхгүй.