Төрийн үйлчилгээний хүнд суртлын ерөнхий үнэлгээг гаргажээ. Үнэлгээг гаргахдаа Төрийн үйлчилгээг мэдээлэл, баримт бичиг, албан хаагч, хугацаа, зардал гэсэн 5 бүлэг асуултаар 54 төрийн байгууллагын лавлагаа, мэдээлэл авах, дүгнэлт, тодорхойлолт, баталгаажуулалт авах, бүртгэлийн үйлчилгээ авах, зөвшөөрөл авах гэсэн ерөнхий 4 төрлөөр бизнес эрхлэгчдээр үнэлүүлсэн байна.
Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь төрийн үйлчилгээ авахдаа дунджаар 6 баримт бичиг бүрдүүлж, 3 төрийн албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргадаг байна. Мөн судалгаанд оролцогчдын 45% нь төрийн үйлчилгээг авахдаа ямар нэг албан бус зардал гаргасан бөгөөд дунджаар 219 мянган төгрөг зарцуулсан гэв.
Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 15.6 хувь буюу 94 бизнес эрхлэгч төрийн аль нэг үйлчилгээ авах явцад хууль, дүрэм журам зөрчигдсөн гэж хариулсан. Мөн эдгээр 94 аж ахуйн нэгжийн 32 нь үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасан бол тухайн гомдлын дөнгөж 8-ыг нь зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна.
Дотоодын тээврийн салбарын бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээний мэдээллийн ил тод, олдоцтой байдалд, боловсролын салбарын аж ахуйн нэгжүүд баримт бичгийн тоо хэмжээ болон харьцдаг албан хаагчийн харилцаа хандлага, төрийн үйлчилгээ авах хугацааг илүү анхаарах хэрэгтэй байна гэжээ.