Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүгд ГОЛ ДҮР

Ангилал
Гол дүр
Огноо
Унших
3 минут 5 секунд
Гэрэл зургийг mpa.mn /Edited by Ubn.mn/

Гүй ээ ер. Гудамж тохойн өнцөг булан бүрт эморч суусан эцэг, эхчүүд. Хаа сайгүй түүнийг нь харж инээд алдах ирээдүйн залгамж халаанууд нь. Бодлоо. Өнөө хэзээ ч харцаа буулгахгүй мэтээр зоримог алхдаг тэнгэр заяат эрчүүд, хатан ухаант бүсгүйчүүдийг маань өмнөө бөхийлгөж, ингэтэл нь эморуулж чадах ХҮЧ хэнд бий билээ гэж. Та өнөөдрийн гол дүрийг таамаглаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

“Хоёр зураас” байхаасаа гэрийн хамаг “бүдүүн дарга” болсон жаалууд бол өнөөдрийн ГОЛ ДҮР. Тэр тусмаа ээж, ааваасаа салж үзээгүй зургаан настнуудын хөгтэй, хөөртэй, баяртай, нулимстай өдөр нь өнөөдрөөр эхэлж байна.

Арга ч үгүй. Өнөөдөр тэд дэвшиж шинэхэн ертөнцөд хөл тавьж байна. Гайхаж, ичингүйрч, дэггүйтэж зарим нь бүр уйлж ч яваа харагдана. Харахад ч хайр хүрэм, нандин мөч.

Шинэ авсан хувцсаа өмсөж зогсчихоод толины урд байн байн эргэлдэнэ. Маргааш гэж хэдэнтээ хоног тоолно. Бүр болохгүй бол найзууд руугаа утас цохино. Сургууль, цэцэрлэгийн "архагуудын" маань энэ занг хэн хорих билээ. Тэд маань ч өнөөдрийн гол дүр мөнөөсөө мөн.

Харин нөгөө талд сургууль, цэцэрлэгийн шинэковууд маань хөгөлж л явна. Өглөө эртлэн босож цэцэрлэг рүү чиглэнэ гэдэг бол тэдний хувьд их л сонин үзэгдэл мэт санагдаж байгаа байх. Үүнтэй зэрэгцээд эцэг, эхчүүд нь ч хүүхдүүдээсээ ялгагдахааргүй болж орхихыг яана. Баярлана, догдолно басхүү бяцханууддаа санаа зовиноно. Цэцэрлэгтэй болгох гэж наян “даваа” туулчихаад цагаа тулахаар сургууль, цэцэрлэгт нь үлдээхдээ сэтгэл нь хоргодоостой. Өнөөдөржингөө л сургууль, цэцэрлэгийн үүд манаж суугаа сэтгэл нь үймэрсэн эцэг, эхчүүдийг харлаа. Хайрламаар дүр зураг.

Есдүгээр сарын 1-ний "нанчилдаантай" өдөр ийнхүү өнгөрөв. Гэрээ санаж уйлсан багачууд, нойроо үгүйлж эвшээлгэсэн жаалууд, мөдхөн дасчихана даа гэж дэрвэх дэггүй сурагчдын хөгжилтэй агшин энэ өдрийг амь оруулав. Харин маргаашаас сурагч багачууд маань нас, бие чацуу нөхөдтэйгөө амьдралынхаа цоо шинэ сорилтуудыг хүлээн авах нь ойлгомжтой. Тэд маань бэлэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Амьдралынхаа шинэ хуудсыг нээж, эрдмийн гараагаа эхлүүлж буй хүүхэд багачууд бүр өнөөдрийн басхүү ирээдүйн гол дүр байх нь дамжиггүй биз ээ...

Гэртээ хүүхдээ асран суугаа 1000 ээжийг туслах багшийн курст хамруулж, орлоготой болгожээ
Гэртээ хүүхдээ асран суугаа 1000 ээжийг туслах багшийн курст хамруулж, орлоготой болгожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.