Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Гурван тамир“ олон улсын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болж өндөрлөлөө

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 54 секунд

Хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил өнөөдрөөс эхэлж, сургууль цэцэрлэгүүдийн нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Зургаахан настай бяцхан үрс эрдмийн их далайд хөл тавьж, зураг шиг нандин охид, хөвгүүд үеийн найзуудтайгаа уулзан, энхрий шавь нараа харахаар сэтгэл догдлон хүлээх багш нарын баярын өдөр.

Монгол орны ирээдүй болсон бяцхан шавь нарынхаа оюуны тамир, сэтгэлийн тамир, биеийн тамирыг нэн тэргүүнд тавьж, олон улсын хэл дээр хичээл, сургалт явуулдаг цөөн хэдэн сургуулийн нэг бол "Гурван тамир" олон улсын сургууль юм. Тийм ч учраас англи, япон, хятад хэл дээр хичээлийн хөтөлбөр бэлдэж, хүүхдийг сурч боловсроход, ирээдүйн шилдэг мэргэжилтнүүдийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг тус сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг сурвалжилж, бяцхан шавь нар болон багш нарын баярын сэтгэгдлийг сонслоо.

Олон олон шавь нар ээж, аав, эмээ, өвөөгөө дагуулан хичээлийн шинэ жилийн нээлтэд хүрэлцэн иржээ. Гартаа цэцгийн баглаа барин зогсох бяцхан шавь нар түүнийгээ багшдаа өгөхсөн гэх битүүхэн хүсэлтэй ч хэзээ, хэрхэн өгөхөө мэдэхгүй гайхан зогсох нь илт. Авьяаслаг сурагчдын дуу хөгжим, бүжиг наадмаар сургуулийн нээлт эхлэсэн ба хичээлийн шинэ жилийг нээж, "Гурван тамир" сургуулийн ерөнхий захирал Э.Содгэрэл үг хэллээ.

"Гурван тамир" болон "Сакура" бүрэн дунд сургууль нэгдэн нийлж, анхны жилтэйгээ учран золгож байна

Тэрбээр, "2022-2023 оны хичээлийн жил бидний хувьд, монголын боловсролын салбарт кембрижийн олон улсын дунд боловсролын хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, багш сурагчдынхаа сурч, ажиллах таатай орчныг бүрдүүлэх, хамт олны нэгдмэл соёлыг улам төгөлдөржүүлэх, боловсролын салбарыг мэргэжлийн удирдлагаар манлайлах зорилгоор зориглон гаргасан манай хамт олны шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, цаашдын амжилтын түүхээ хамтдаа бичилцэх гэж байгаа та бүхэндээ талархаж байна.

Монгол Улсын хувийн сургуулиудын анхдагчид болсон "Гурван тамир" бүрэн дунд сургууль, "Сакура" бүрэн дунд сургуулиуд маань өөр өөрийн түүхэн замнал, амжилт бүтээл, соёл уламжлалаараа нэгдэн нийлж, нэгэн цул болж, боловсролын салбартаа өөрийн гэсэн байр суурь, нэр хүндтэй, өнгө аястай сургууль болох зорилго тавин ажиллах анхны жилтэйгээ учран золгож байна. Нийт багш ажилчиддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе" гэлээ.

Хичээлийн шинэ жилийн нээлтэд олон эрхэмүүд цугласан төдийгүй, төгсөгчдийн төлөөллүүд ч ирсэн байлаа. Ийнхүү тууз хайчлах үйл ажиллагаа болон хүндэтгэлийн туг залах ёслол болж, сургуулийн урлаг, сурлага спортын өндөр ажилт гаргасан сурагчид туг заллаа.

"Гурван тамир" олон улсын сургуулийн сурагчдын сэтгэгдэл,

Хүүхдийн ертөнц бол маш гэгээлэг, өнгөлөг. Ямар ч хир буртаг гэх зүйл үгүй. Хүүхэд ямар хүмүүжлээр өсч ториноно яг түүгээрээ хүмүүждэг. Мөн тэд аливаа зүйлийг хүлээн авахад төрсөн хамгийн анхны мэдрэмжээр тухайн зүйлээ ойлгодог нь хүүхдийн сэтгэл ямар нандин бэ гэдгийг илэрхийлдэг болов уу. Тиймээс бид нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа болон "Гурван тамир" сургуулийн сурагчдын төлөөллөөс сэдгэдлийг нь авлаа.

Цэцэрлэгт байхдаа би хөөрхөн л хүүхэд байсан

Нэгдүгээр ангийн сурагч н.Марал "Маш гоё, сонирхолтой санагдаж байна. Багшдаа цэцэг өгөхөөр бэлдсэн, жаахан байж байгаад өгнө өө. Ээж аав маань намайг хичээлдээ ороод онц сураарай гэж хэлсэн. Би жаахан сандраад байна. Цэцэрлэгт байхдаа би хөөрхөн л хүүхэд байсан. Би дуулах дуртай, сургуульдаа ороод онц сураад дуулж бүжиглээд, зөндөө олон найзтай болно. Одоохондоо найзуудтайгаа танилцаж амжаагүй байна" гэх өхөөрдөм яриа өрнүүллээ.

Багшийнхаа нэрийг мартчихжээ

Хоёрдугаар ангийн сурагч н.Азбилэг "Би энэ жил хоёрдугаар ангид орж байна. Найзуудтайгаа уулзахаар гоё санагдаж байна. Жавхланцог, Тэнүүнзая найзуудыгаа маш их санасан. Сургуульд сурахад хичээл хийх, найзуудтайгаа тоглох нь гоё санагддаг.

Багш маань зуны даалгавар өгсөн. Би хийсэн байх аа. Багшийнхаа нэрийг мартчихжээ. Том болоод засварчин болно" гэсэн юм.

Ахлах ангид орж байгаа учраас маш хариуцлагатай байх ёстой

10 дугаар ангийн сурагч Д.Мөнххүслэн "Ангийхантайгаа уулзсан маш сайхан санагдаж байна. Энэ жил ахлах ангид орсон учраас маш том эгч болчихсон юм шиг мэдрэмж төрж байна. Тийм учраас маш хариуцлагатай байх ёстой.

Гурван жилийн хугацаанд ЭЕШ-дээ бэлдэнэ. 12 дугаар ангид ороод ЭЕШ өгөөд, мэргэжил эзэмшинэ гэж бодохоор гоё санагдаж байна. Мэргэжлээ яг тодорхой сонгож амжаагүй байна. Манай сургууль маш том, багш, сурагчид нь ч гэсэн их гоё. Өнөөдөр хичээлийн шинэ жил эхэлж байгаа болохоор үнэхээр сэтгэгдэл өндөр байна" гэв.

"Гурван тамир" олон улсын сургуулийн багш нарын сэтгэгдэл,

Сургууль, цэцэрлэгүүдийн хувьд хамгийн чухал үнэ цэнтэй зүйл бол яах аргагүй багш, сурган хүмүүжүүлэгчид байдаг. Тийм ч учраас эрдэм номд шамдан суралцаж буй хүүхэд багачуудын хамгийн их үлгэр дуурайлил авч, хүндэлж биширдэг хүн нь багш юм. Тиймээс бид "Гурван тамир" олон улсын сургуулийн багш нараас хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааны талаар сэтгэгдлийг нь сонслоо.

Ахлах ангийн сурагчдаа олон улсын топ сургуулиудад сургасан, элсүүлсэн жил байна гэж төлөвлөж байна

Сургалтын албаны дарга Ц.Бат-Эрдэнэ "Нийт багш сурган хүмүүжүүлэгч, багш нартаа болон шавь нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Энэ хичээлийн жилд 750 орчим хүүхэд хичээллэж байна. Манай сургуулийн хувьд кембрижийн хөтөлбөрийг бага, дунд, ахлах гэсэн боловсролын бүх шатанд авсан цөөн хэдэн сургуулийн нэг. Мөн ахлах ангийн сурагчдаа олон улсын топ сургуулиудад сургасан, элсүүлсэн жил байна гэж төлөвлөж байгаа. Тийм ч учраас сурагчдадаа чанартай боловсрол олгохоор хичээн ажиллаж байна.

Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хувьд маш их сэтгэгдэл өндөр байх шиг байна. Цэцэрлэгээс юугаараа өөр бол, багш маань ямар хүн бол гэсэн бодолтой байгаа байх. Тийм учраас зургаан настай хүүхдүүдийн хувьд маш чухал өдөр гэж харж байгаа" гэв.

Өнгөрсөн шөнө хүүхдүүдээ хүлээгээд цурам ч хийлгүй хоносон

Бага ангийн багш н.Нандин-Эрдэнэ "Энэ жил дөрөвдүгээр ангитай ажиллана. Хичээлийн шинэ жил бол багш бидний хувьд хамгийн их догдлолтой, баяртай өдөр байдаг. Бид гурван сарын турш энэ өдрийг хүлээдэг. Хүүхдүүд маань багш, ангийн найзууд, сургуулиа их санасан байна.

Бид хүүхдүүдээ авахын тулд анги танхимаа бэлдэх, хичээлээ бэлдэх, өөрсдийгөө бэлдэх зэргээр наймдугаар сарын 31-ныг догдлол дүүрэн өнгөрүүлдэг. Өнгөрсөн шөнө хүүхдүүдээ хүлээгээд цурам ч хийлгүй хоносон. Хүүхдүүдтэйгээ уулзаад, нээлтийн үйл ажиллагаандаа оролцоод сэтгэл дүүрэн байна" гэлээ.

Зургаадугаар ангиас хойш нийгмийн ухааны хичээл ордог учир хүүхдийн сэтгэлзүй маш сайн бэлтгэгддэг гэж боддог

Нийгмийн ухааны багш Б.Энх-Амгалан "Хичээлийн шинэ жилийн нээлт сайхан болж байна. "Гурван тамир" сургуулийн 8б ангийн анги удирдсан, нийгмийн ухааны багш. Ер нь дунд ангийн буюу өсвөр насныхны сэтгэлзүйг сайн бэлдэх хэрэгтэй. Гэхдээ зургаадугаар ангиас нь хойш нийгмийн ухааны хичээл ордог учраас хүүхдийн сэтгэлзүй сайн бэлтгэгддэг гэж боддог" гэсэн юм.

Сурагчдын эцэг эхийн сэтгэгдэл,

Есдүгээр сарын нэгэн бол дан ганц сурагчдын баярын өдөр бус эцэг эхчүүдийн хувьд ч баярын өдөр байдаг. Хүүхдээ нэгдүгээр ангид оруулах гэж буй эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнөөс догдолж, баярлаж байдаг нь лавтай. Тийм учир бид эцэг эхийн төлөөллөөс сэтгэгдлүүдийг нь сонслоо.

"Гурван тамир" болон "Сакура" сургуулийн багш нарын хичээл заах арга барил сайн учир хүүхдээ сургаж байна

н.Дүүрэнжаргал "Манай хүүхэд нэгдүгээр ангид орж байгаа. Хүүхдээ сургуульд оруулж байгааа болоод ч тэр үү догдлоод байна. Одоо анги руу нь ороод багштай нь танилцана. Хүүхдийнхээ сэтгэлзүйг сайн бэлдсэн. Инээгээд л баярлаад л яваад байна. Тус сургуулийн багш нар хичээл заах арга барил сайтай мөн гэр маань ч гэсэн ойрхон учир хүүхдээ өгсөн байгаа" гэлээ.

Мөн нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа зургаан настнуудад ахлах ангийн ах, эгч нар нь гарын бэлэг бэлэглэн, сурлагын өндөр амжилтыг хүсч буй нь тус сургуулийн нэгдмэл байдлыг эрхгүй илэрхийлж буй нь харагдаж байлаа. Ийнхүү хичээлийн шинэ жилийн анхны хонх дуугарч сурагчид анхны хичээлдээ орж, хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.

Багахангай дүүргийн Засаг даргаар А.Сүхболдыг томилов
Багахангай дүүргийн Засаг даргаар А.Сүхболдыг томилов
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.