Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Одбаяр: Арын албанд ажиллана гэдэг ДҮР БҮТЭЭХЭЭС илүү хариуцлагатай ажил байсан

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
13 минут 9 секунд

"Шинэ үе" продакшнаас жүжигчний гараагаа эхэлж "МАШ НУУЦ" кинонд дүр бүтээж,"Фантастик" продакшны найман гишүүний нэг болсон Жүжигчин Э.Одбаяртай ярилцлаа. Тэрбээр 2015 онд "МАШ НУУЦ" , 2016 онд "18 нас Би чамд хайртай" уянгын кинонд гол дүр бүтээснээсээ хойш олны анхааралд ихээхэн өртсөн билээ. Тун удахгүй "Фантастик" продакшны ээлжит дэлгэцийн уран бүтээл болох "ЗУРА-2 "Цурам ажиллагаа" кино нээлтээ хийх гэж байна. Тус кинонд жүжигчин Э.Одбаяр тусгай хүчний ажилтны дүрээр үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болжээ.

-Ярилцлагын урилгыг хүлээн авсанд баярлалаа. "Фантастик" продакшны ээлжит дэлгэцийн уран бүтээл "Зура 2: Цурам ажиллагаа" кино нээлтээ хийх гэж байна. Таны хувьд энэ удаад ямар дүр дээр ажилласан бэ. Үзэгчдийн хүлээлт ч их өндөр байгаа байх?

-Намайг урьж ярилцаж байгаа UBN.mn сайтын хамт олонд баярлалаа. "Фантастик" продакшн 4 жилийн дараа гаргаж буй дэлгэцийн уран бүтээл болох "Цурам ажиллагаа" кино маань нээлтээ хийж байна. Их баяртай байна. Би энэ удаад Тусгай хүчний ажилтан Хуягаа гэх залуугийн дүрд тоглосон.

-Зураг авалт эхлэхийн өмнө кино багийн жүжигчид 3 сарын турш мэргэжлийн буудлагаар хичээллэсэн гэж сонссон. Таны хувьд өмнө нь буутай харьцах дүр дээр ажиллаж байсан уу. Хэр шинэлэг зураг авалттай байсан бэ?

-Би анх удаа буутай харьцаж үзсэн. Бид буу, зэвсэг, сумтай харьцаж тэдгээрийн техникийг судалж ажилласан. Манай багийн Ж.Алтаншагай ах маань биднийг удирдаж, дагуулж яваад 3 сарын турш бэлтгэл хийсэн. Учир нь дүр маань тусгай албаны дүр шүү дээ. Тиймээс буу зэвсгийг маш сайн хэрэглээд сурчихсан, өглөө болгон аваад гардаг зүйл шиг хүмүүст харагдах ёстой. Сая цацагдсан трейлэр бичлэгээ үзлээ. Мэргэжлийн тусгай албаны ажилтнууд "Эд нар гар буугаа зөв хэрэглээд, хувцас хэрэглэлээ зөв өмссөн байна шүү" гэх сэтгэгдэл ирсэн байсан. Үүнд их баяртай байгаа. Кино маань үзэгчдийн хүртээл болох үед хэр удаан сургуулилт хийж бэлдсэн гэдэг маань мэдэгдэх байх.

-Зура-2:Цурам ажиллагаа кинонд тоглоход хувь хүний хувьд ямар сорилттой нүүр тулсан бэ?

-Ямар нэг сорилт гэхээсээ илүү хамгийн гоё ололт гэвэл би анх удаа буу зэвсэгтэй зөв харьцаж сурсан. Тусгай албаны хүн учраас биедээ анхаарч, их бэлтгэл хийж жин хассан. Энэ маань их том давуу тал болсон байх. Түүнээс бол дүрийн тоглолт, шугамыг үзэгчид шүүх байх.

-Бидний хийсэн киног хүмүүс кино театрт "зорьж ирж" үзнэ гэдэг маш том догдлол-

-Киноны нээлт болоход 2 долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Хэр догдолж байна вэ?

-Кино урлаг, бүтээл гэдэг утгаар нь маш их догдлолтой, хүлээлттэй байна. Учир нь 2 жилийн турш хөл хорионд байсан. Манай баг хамт олон 2 уран бүтээлийг онлайнаар нээж үзэгчдийн хүртээл болгосон. ЗУРА-1 кино маань онлайнаар нээсэн. Хүмүүс "Заа гэртээ байгаа юм чинь үзье" гэдэг байсан шүү дээ. Харин одоо Зура-2:Цурам ажиллагаа дэлгэцийн уран бүтээл болгож кино театрт нээлтээ хийх гэж байна. Хүмүүс манай уран бүтээлийг үзэх гэж гэрээсээ гарна, гэр бүлээрээ явна, ажлаа зохицуулна, цаг гаргаад кино театрт ирээд үзнэ гэдэг нь бидний хувьд маш том догдлол.

-Киноны зураг авалт 50 хоногийн турш үргэлжилсэн шүү дээ. Фантастик продакшны жүжигчид кинонд дүр бүтээхээс гадна арын албанд тус тусын үүрэгтэй байдаг талаар сонссон. Таны хувьд энэ хугацаанд ямар үүрэг гүйцэтгэж ажилласан бэ?

-"Фантастик" продакшны хамт олон кинондоо тоглож жүжиглэхээс гадна арын албанд жижигхэн ажлыг хүлээж авдаг. Миний хувьд гадаадаас жүжигчин авчрах ажлыг хариуцаж ажилласан. Мөн гадаадад болсон зураг авалтын хэсгийг хариуцсан. Хажуугаар нь мэйл бичиж гадны жүжигчидтэй холбогдох, монголд ирсэн үед нь байрлах байр, хоол, унааны зохицуулалт хийх хажуугаар нь жүжиглүүлнэ гэх мэт ажлуудыг хийсэн. Бид гадны улсын маш мундаг жүжигчнийг авчирч кинондоо тоглуулсан. Үзэгчид маань киногоо үзээд харах байх. 50 настай хүн гэхэд 30 настай юм шиг жүжигчинг шалгаруулалт хийж сонгож авсан. Энэ ажлууд миний хувьд дүр бүтээхээс илүү их хариуцлага байсан.

"Фантастик" продакшн үндсэн найман гишүүнтэй бүгд тус тусын ажлыг хариуцаж авдаг. Ингэснээрээ бие биендээ их итгэдэг.

-"Шинэ Үе" продакшнд ажилласан 5 жил маань өнөөдрийн намайг бүтээсэн-

-Хүмүүс таныг аль сургуулийг хэдэн онд төгссөнийг нь тэр болгон мэддэггүй. Олон хүмүүс СУИС-ийг төгссөн гэж боддог юм билээ?

-Би Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Намайг олон хүмүүс СУИС-д суралцаж төгссөн гэж андуураад байдаг. Миний мөрөөдөл СУИС байсан. Гэхдээ Кино Урлагийн дээд сургуульд урилгаар элсэж орсон. Гуравдугаар курсээ төгсдөг жил манай дээд курсын ах нар дуудаад яаралтай бүжигчин хэрэгтэй байна гэх үед нь "Шинэ Үе"-д бүжигчнээр орсон. Тэр үед Бооёо ах намайг жүжигчнээр сурдаг юм байна гэдгийг мэдээд дараагийн тоглолтод оролцоно шүү гэж хэлсэн. Манай П.Цэрэндагва багш надад итгэж, төгсөх курсийн оюутан байхад намайг жүжигчин гэх мэргэжил рүү бүрэн түлхэж өгсөн. Ингэж миний уран бүтээлийн маань ажил эхэлсэн.

-Таныг хүмүүс хошин урлагаас кино урлагийн салбар руу орсон гэдгээр мэднэ. Анх яаж "Фантастик" продакшны гишүүн болох боломж олдож байсан бэ?

-Яг хошин урлагийн салбар, кино урлагийн салбар гэж салбараар нь ярих нь хаашаа юм. Гэхдээ хошин урлагт 5 жил ажилласан. Маш гайхалтай цаг хугацаа тэнд өнгөрсөн. Сургуулиа төгсөөд "Шинэ Үе" продакшны жүжигчин гэж зарлуулаад 5 жил өнгөрсөн. Хошин урлагт ажиллаж байхдаа маш их зүйлийг сурсан. Одоо байгаа миний жижигхэн амжилт, танай сайтад ярилцлага өгч байгаа Одбаяр гэдэг хүнийг бүтээхэд "Шинэ Үе" д ажиллаж байсан 5 жилийн цаг хугацаа нөлөөлсөн. Яагаад гэвэл тэр хугацаанд би хамт олонтой ажиллаж сурсан, цаг барих, хариуцлагатай байх гээд олон зүйлийг таньсан үе. Чиний хариуцсан жижигхэн зүйл бүхэл бүтэн уран бүтээлд томоор нөлөөлдөг юм байна гэдгийг хүртэл мэдсэн гайхалтай цаг хугацаа өнгөрсөн. Би одоо болтол Бооёо ахтай холбоотой байдаг. "Шинэ Үе"-д ажиллаж байх хугацаанд "Фантастик" продакшнаас "МАШ НУУЦ" гэх киног хийх гэж байна. Гол дүрд тоглооч ээ гэх урилга ирээд бид нар хамтран ажилласан. Мөн Европт хамтдаа 6 сар сурах урилга хүртэл өгч байсан. Түүнээс хойш хамтдаа 8 жилийг өнгөрөөж байна. Байнга хэлээд байдаггүй л дээ. Гэхдээ надад итгэл хүлээлгэж, 8 гишүүний нэг болох боломжийг олгосон ах нартаа их баярладаг.

-Та 2016 онд "18 нас Би чамд хайртай" гэх кино нээлтийн үеэр "Би дахиад олон кинонд дүр бүтээж ээжийнхээ инээмсэглэхийг хармаар байна" гэж хэлж байсан. Тэр цаг хугацаанаас хойш чамгүй олон кинонд дүр бүтээлээ шүү дээ. Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ?

-Ээж маань намайг хүүхэд байхаас л дэмжсэн. Жаахан байхдаа би жүжгийн дугуйланд явъя гэхэд зөвшөөрсөн. Би жүжигчин болно гэхэд хүртэл дэмжсэн. Миний хүсэл мөрөөдлийг хэзээ ч хорьж байгаагүй. Надад итгэсэн. Үүний үр дүнд өдий зэрэгтэй явж байгаа нь ээжийн маань ач юм уу даа гэж би боддог. Би сайн явбал ээж маань сэтгэл нь тайван баярлана шүү дээ. Кино нээлтэн дээрээ ээжийгээ уриад киногоо хамтдаа үзнэ гэдэг уран бүтээлч хүний том жаргал. Маш олон залуучууд уран бүтээлч болох мөрөөдөлтэй хэр нь гэр бүл нь зөвшөөрдөггүй учраас мөрөөдлөөсөө татгалздаг шүү дээ.

Манай ээж миний тоглосон киног үзчихээд хамаатан, найз нөхөддөө "Энэ манай хүү шүү дээ" гээд жаахан ч гэсэн онгироод ярьж байгааг нь харах надад сайхан байдаг.

-Бага байхаас нь эхлээд эцэг, эх нь дэмжсэн гэж байна шүү дээ. Таныг олон уран бүтээлийн ард гарахад гэр бүлийн хүний дэмжлэг их нөлөөлсөн байх гэж бодож байна?

-Жүжигчин байхдаа би гэр бүлийн хүнтэйгээ танилцсан. Тиймээс анхнаасаа бид хоёр энэ талаар маш сайн ярилцаж байсан. Миний ар талыг маш сайн даадаг. Бид хоёр дундаасаа нэг хөөрхөн хүүтэй. Сая зураг авалтын үеэр би 40 хоног гэртээ байгаагүй. Учир нь манай кино баг нэг дор байрлаж ажлаа үргэлжлүүдэг. Ийм үед манай гэр бүлийнхэнд намайг их удлаа, ажил чинь хэцүү юм гэж хэлэх хүн байдаггүй. Тиймдээ ч би одоо амжилт, уран бүтээлээ яриад сууж байна. Миний арыг үргэлж даадаг, надад итгэдэгт баярладаг.

-Сүүлийн үед таны "Буйр нуур"-т авхуулсан зураг цахим орноор их явсан. Тэр зураг хэрхэн бүтсэн талаар хуваалцаач?

-Тэр зураг бол надад биш Монголын маань үзэсгэлэнтэй байгалийн сайханд байсан. Монголын маань зүүн хязгаарт байгаа "Буйр" нуурт нар жаргах үзэгдэл тийм сайхан харагдсан. Түүнээс бол тэр зурагт засвар оруулаад л олон хүн ажиллаж бүтсэн зураг биш. Надад биш байгальдаа байгаа юм шүү.

-"Зура-2 Цурам ажиллагаа" кино нээлтээ хийхэд бэлэн боллоо. Танай багийн хамт олон үзэгчдээс ямар хүлээлт үүсгэж байна вэ?

-Бид үзэгчдээс хүлээлт үүсгэх биш. Үзэгчид л биднээс хүлээлт үүсгэх байх. Ганц хэлэх зүйл гэвэл энэ бол бодит явдал биш, уран сайхны кино гэх талаас нь хүлээж аваасай гэж хүсэж байна. Бүх зүйлийг шууд утгаар нь хүлээж авах ганц хоёр сцен байж магадгүй. Гэвч энэ бол баримтат кино биш уран сайхны кино юм шүү. Би киногоо бүтнээр нь үзэж амжаагүй байгаа. Нээлтийн өдөр үзэгчидтэйгээ хамт үзэх гээд хүлээж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Шууд үзэх:

-

“Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд“ чуулганд 500 гаруй хүүхэд оролцож байна
“Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд“ чуулганд 500 гаруй хүүхэд оролцож байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.