Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайдад шууд хэлчихье, Ц.Нямдоржийг хөөж явуул

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 34 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Манай улсад нэг сар хүрэхгүй хугацаанд олон улсын анхаарлыг татахуйц томоохон айлчлалууд ээлж дараалан хийгдлээ. Айлчлалуудаас ямар хүлээлттэй байв?

-Хамгийн гол нь бодитой алхмууд хийгдэх ёстой. Тухайлбал, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын айлчлалаас Монгол Улсын эдийн засагт бодитой хөрөнгө оруулалт болохоор алхам хийгдсэнгүй. Эдийн засгийн талаасаа хойд хөршийн Гадаад хэргийн сайдын айлчлал үр өгөөж багатай болсон гэж харж байна. Гэхдээ Монгол Улс хөрш гүрнүүдтэйгээ тэнцвэртэй харилцах зарчмаа баримталж байна.

БНХАУ-ын талаас хийсэн айлчлалыг арай өөр байдлаар дүгнэж болохоор байлаа. Манай улсын нэг хэцүү зүйл нь хойд хөршөөс эрчим хүчний хувьд хараат шүү дээ. Иймдээ ч Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих тал дээр тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг болон бусад зүйл дээр хамтран ажиллахаар болсон нь сайшаалтай. Гэхдээ үүний бодитой алхмууд хийгдэхгүй бол мартагдаад л өнгөрөх зүйл болж хувирна. Иймээс манай улсын Засгийн газар болон холбогдох албаныхан сайн ажиллах ёстой гэж харж байгаа.

-Тэгвэл НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийн айлчлалын тухайд?

-Харин НҮБ бол аль нэг улсад хөрөнгө оруулалт хийгээд явдаг газар биш. Энэ бол хүний эрх чөлөө, ардчилал, энх тайван, уур амьсгалын асуудалд голчлон ажилладаг олон улсын байгууллага. Тиймээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал нь маш том алхам боллоо гэж харсан. Ерөнхийлөгч маш зөв санаачилга гаргалаа. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд хөрөнгө мөнгө хөөцөлдөхөөс илүүтэй улс орны аюулгүй байдлын асуудлыг амин сүнс болгон сахиж байх ёстой хүний хувьд чухал алхам болсон. Харин Засгийн газрын хувьд хүний эрх чөлөөг хамгаалах, эдийн засгаа сайжруулах чиглэлд илүү санаачилга гарган ажиллах шаардлага үүсэж байна гэж харж байна.

-Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах асуудал жил тойрон яригдсаар наадмын өмнө нам жим болсон. Харин МАН наймдугаар сарын 25-ны үеэр ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН зарлаж, ҮХНӨ ярихаар бэлтгэж байгаа талаар мэдээлэл бий. Энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Эрх баригч нар өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг Үндсэн хууль руу чихээд өнгөрч болохгүй. Үндсэн хуулийг хамаг муу муухайгаа чихчихдэг хогийн сав болгодог байж таарахгүй. Харин ч ардчилсан Үндсэн хууль өнгөрсөн 30 жил Монгол Улсыг дарангуйлал руу оруулчихсангүй, өдий зэрэгтэй байлгаж яваа. Алдаа, оноо байгаа бол улс төрчдийн л буруу гэж би хувьдаа харж байгаа. Үндсэн хуулийн төсөл нь бэлэн болоогүй юм билээ. Төсөл нь ч байхгүй байхад өөрчилнө гэж гүйгээд явааг ойлгохгүй байна. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх гэдэгтэй л ялгаагүй.

-Гэхдээ Ерөнхий сайд дэргэдээ ҮХНӨ-тэй холбоотой ажлын хэсэг байгуулж, Н.Энхбаяраар ахлуулчихлаа?

-Ер нь эрх баригч намын дарга шийдвэр гаргаад л, нэг хүнээр ахлуулаад Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулна гэдэг байж боломжгүй зүйл. Нөгөө талдаа Н.Энхбаяр гуай Үндсэн хууль хийнэ гэж юу байх вэ дээ. Энэ хүнийг улс төрийн тэтгэвэрт нь гаргаж, амраах цаг нь болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх нь парламентад суугаа намууд болон Улсын Их хурлын түвшинд яригддаг асуудал. Түүнээс биш гүйцэтгэх хуулийн түвшинд улс орны үндсэн суурь болсон Үндсэн хуулийг ярьдаггүй юм.

Ubn.mn

-АН дарга тойрч биш, үзэл санаа үнэт зүйлээ тойрч нэгдэх ёстой-

-Өнгөрөгч Засгийн газрын ээлжит хуралдаануудаар МАН хэд хэдэн хэргүүдийг эрчимтэй шалгахаар ажлын хэсэг байгууллаа. Тухайлбал, төмөр замын хэрэг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг гацаасан хэрэг гэх мэт. Ингэхдээ Ерөнхий сайдын зүгээс Эрүүгийн хуульд эдийн засгийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэх зүйлчлэлийг шинээр оруулж, буруутай этгээдээр алдагдсан боломжийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргана гэж мэдэгдсэн. Тэгвэл нэг хүнд аль эсвэл нэг хэрэгт зориулж хуульд шинэ зүйлчлэл оруулах нь өөрөө хуулийн хүрээнд байж болох асуудал уу?

-Эрүүгийн хуульд албан тушаалын гэмт хэрэг гэх зүйлчлэл байж л байгаа. Заавал шинж зүйлчлэл оруулах гээд шаардлага байхгүй. Ер нь нэг хүнд зориулж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулна гэх зарчимгүй зүйл байж болохгүй. Би Л.Оюун-Эрдэнэ сайдад шууд л хэлчихье. Ц.Нямдоржийг хөөж явуул. Ц.Нямдорж шоронжсон хууль хийх, хэн нэгэн хүнд зориулж, Эрүүгийн хуулийг өөрчилдөг арга барилаар таван удаа Хууль зүйн сайд хийгээд ирсэн хүн шүү дээ. Хэн нэг эрх мэдэлтэй байна. Түүний бөөрөнд очоод наалдчихдаг. Тэгэхгүйгээр энэ Засгийн газар хүний эрхийн асуудал дээр дорвитой юм хийж чадахгүй. Юм бүхэн дээр Эрүүгийн хууль, цагдаа шүүхээр айлгадаг байдал нь алсуураа Засгийн газрын “гал тогоо”-г барьж буй Ц.Нямдоржийн л зөвлөгөө юм болов уу гэж харж байгаа. Нэн даруй энэ асуудлууддаа анхаарч, шинэчлэх эрх нь Ерөнхий сайдад байгаа шүү дээ.

-Нөгөө талын АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН шүүхэд өгсөн асуудал үүссэн. Та энэ талаар мэдээлэл авсан уу. И.Мөнхжаргал МАН-ыг АН-ын дотоод асуудалд оролцоод байна гэх шүүмжлэлийг их илэрхийлж байгаа?

-Шүүх дээр ямар процесс болоод байгааг хэлж мэдэхгүй юм. Ер нь эрх баригч нарт хандаж шүүмжлэл, үг дааж сур гэж хэлмээр байна. Хүн шүүмжилсний төлөө гомдол гаргана гэдэг байж болохгүй л асуудал шүү дээ. Зангаргатай, том нам юм бол зарчимтай байх ёстой.

-И.Мөнхжаргал хэлэхдээ АН-ын залуус эвсэж, нэгдэх тал дээр алхмууд хийж байгаа гэж ярьж байсан. Нөгөө талд гараад байгаа АН-тайгаа учраа олж байгаа юм уу?

-Бидэнд ганцхан л зарчим байгаа. Ардчилсан нам хэн нэгэн хүнийг тойрч нэгддэг нам биш. МАН-аас ялгаатай нь бид үнэ зүйл зарчмаа л тойрч нэгддэг нам. Үүнийхээ хүрээнд л нэгдэнэ. Үнэт зүйлээрээ нэгдэхгүй бол түрхэн зуурын нэгдэл хол явахгүй. Хаа нэг газар очоод л хага үсэрнэ. Тиймээс хуулиа барья. Ардчилсан нам үнэт зүйл, зарчим дээрээ нэгдэх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Тэгэхээр нэгдэж байгаа нь үнэн гэсэн үг үү?

-Нэгдэх тал дээр хаа хаанаа алхмууд хийгдээд л явна. Үнэт зүйл зарчмаа л тойрч бид нэгдэх ёстой. Дарга тойрч нэгдэж болохгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Улаанбаатарт 25 хэм дулаан, бороо орохгүй
Улаанбаатарт 25 хэм дулаан, бороо орохгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.