Гадаадын иргэд хууль бусаар галт зэвсэг эзэмших, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан асуудлаар Гадаадын Иргэн Харьяатын Газар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Уг асуудлаар ГИХГ-ын Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат:
"Гадаадын Иргэн Харьяатын Газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд хийдэг. Энэхүү хяналт шалгалтын хүрээнд нэр бүхий аж ахуйн нэгжийн урилгаар Монгол Улсад түр хугацаанд ажлын болон жуулчлалын визээр ирсэн гадаадын иргэдийн зөрчлийг илрүүлсэн. Саудын Араб болон Йордан улсын нэр бүхий долоон иргэн манай улсад 2022 оны зургаадугаар сард ирсэн байна.
Тэдгээр иргэн нь хууль бусаар галт зэвсэг ашиглаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй амьтан агнасан зөрчил гаргасан. Түүнчлэн төрийн тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй зорчсон зөрчил дутагдлыг илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь прокурорын байгууллагад харьяалал тогтоон шалгуулахаар шилжүүлээд байна. Мөн гадаадын иргэдийн гаргасан үйлдэлд холбогдох зөрчлийг арилгуулах зорилгоор тухайн аж ахуйн нэгжүүдэд нь хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцдог. Дээр дурдсан зөрчил гаргасан иргэдийг манай улсад урьж ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу арга хэмжээг аваад явна" хэмээн хэлэв.