Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Антонио Гутеррешийн айлчлал Монголыг төвийг сахисан, ардчилсан улс хэвээрээ байгааг ДЭЛХИЙД ОЙЛГУУЛНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлал өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ зун Монгол дэлхийн “хараанд” орж, геополитикийн хувьд хэнд ч хэрэггүй жижиг улс биш гэдгийг ойлгох нэг нь ойлгож байна. Дөнгөж өчигдөр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилсан. Түүний өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров ирээд буцсан. Тэгвэл одоо дэлхийн энх тайвны бэлгэдэл болсон НҮБ-ын дарга нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар айлчилж байна.

Мөн энэ зун бид АНУ-тай хамтарсан “Хааны эрэлд” цэргийн сургууль, ОХУ-тай хамтарсан цэргийн сургууль, ХБНГУ-ын жанжин штабын дарга, ЮНЕСКО-гийн төлөөлөгчид, Японы Гадаад хэргийн сайд гээд манайх руу чиглэсэн хөдөлгөөн, уламжлал болсон арга хэмжээнүүд урд өмнөхөөсөө ч илүү ач холбогдолтой болж байна.

Бид хүчирхэг хоёр хөршийнхөө барьж буй түрэмгий бодлогыг төрийн түвшинд буруу шааж чадахгүй. Хүссэн ч хэлээ хазаад өнгөрөхөөс өөр аргагүй өвөрмөц газар зүй, геополитикийн дунд “хавчуулагдаж” буй улс. Тиймээс тэдний хэрэгт оролцохоосоо илүүтэй дотоодын ардчиллаа бэхжүүл, парламентын тогтолцоогоо боловсронгуй болгох нь бидний үүрэг.

Тэгвэл эдгээр хоёр хөршийн айлчлалын араас дэлхийн энх тайвны бэлгэдэл болсон НҮБ-ын даргын айлчлалыг шил даран зохион байгуулж буй нь гадаад бодлогын хувьд туйлын зөв алхам юм. Өнгөц харахад байдаг л нэг айлчлал, болдог л үйл явдал мэт харагдах байх. Гэхдээ Орос, Хятад хоёр бол дэлхийд тогтсон энх тайван байдлыг нэг нь эвдсэн, нөгөөх нь эвдэнэ гэж айлгаж суугаа том гүрнүүд. Өөрөөр хэлбэл, дэлхий тэр хоёрын эсрэг бодлого хэрэгжүүлж, ардчилал хүний эрхийг дээдэлдэг, энх тайван байдлыг хүсдэг улс орнууд нөгөө талд нь геополитикийн хувьд нэгдэж байна. Том гүрнүүд толхилцсон яг энэ эгзэгтэй цаг үед өсөн нэмэгдэж буй геополитикийн ач холбогдлоо манайх шиг жижиг улсууд ашиглаж чадвал маш том боломж үүснэ.

Тиймээс энэ удаагийн айлчлалд НҮБ ч, манай тал ч нэлээдгүй ач холбогдол өгч оролцож байна. Бидний хувьд үгээрээ илэрхийлж чадахгүй зүйлээр үйлдлээрээ илэрхийлж байгаа нь энэ. Дэлхий тэнэг биш. Биднийг хэлж чадахгүй ч хийж чадаж байгааг ойлгоно. Товчхондоо энэ бол бид жинхэнэ төвийг сахиж буй нь үйлдэл юм.

Антонио Гутеррешийн айлчлалын зорилго цаасан дээрээ уур амьсгалын өөрчлөлт болон “Тэрбум мод” аян, бүс нутагтаа цөмийн зэвсэггүй улс болсны 30 жил, Монгол залуус энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жил, Монгол Улс НҮБ-д элсэж орсны 60 жилийн ойг тохиолдуулан гэж бичсэн ч цаана нь геополитикийн асар чухал зорилго тээж яваа.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын энэ удаагийн айлчлал Монгол Улс улс төр, гадаад харилцааны хувьд төвийг сахисан Ардчилсан орон хэвээрээ байгааг НҮБ-ын гишүүн орнуудад болон дэлхий нийтэд ойлгуулсан чухал үр дүнтэй айлчлал болох учиртай.

Сөүлд амьдарч буй оюутан Б.Ханбилгүүн: 20 минутын дотор гэр усаар дүүрсэн тул хувцас бусад зүйлсээ авч чадаагүй, хамаг юмаа алдсан
Сөүлд амьдарч буй оюутан Б.Ханбилгүүн: 20 минутын дотор гэр усаар дүүрсэн тул хувцас бусад зүйлсээ авч чадаагүй, хамаг юмаа алдсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.