Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Хувийн ЕБС-иудын төлбөр 1-7 хүртэлх сая төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 40 секунд

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд нэг дор  эхлүүлэхгүй“

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 800 гаруй Ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 152 нь хувийн өмчит сургууль байна. Тэгвэл хичээл сургууль эхлэх дөхсөн эл өдрүүдэд хувийн сургуулиудад хүүхдээ элсүүлэх хүсэлтэй эцэг, эхчүүдийн цуваа тасардаггүй. Үүнтэй зэрэгцэн зарим хувийн Ерөнхий боловсролын сургуулиудын төлбөрийн өөрчлөлт нь анхаарлаа хандуулах чухал асуудлын нэгдүгээрт бичигддэг нь нууц биш. Тэгвэл 2022-2023 оны хичээлийн жилд хувийн сургуулиуд төлбөрийн “босгоо” хэрхэн тогтоосныг та бүхэнд нэгтгэн хүргэж байна.

-Гёте сургуулийн нэг жилийн төлбөр 1 сая 700 мянган төгрөгөөр нэмэгджээ-

Гёте бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр нь өнгөрөгч хичээлийн жилд бага анги 5.8 сая, дунд анги 6.3 сая, ахлах 6.8 сая төгрөг байсан. Тэгвэл энэ жилийн хувьд бага анги 7 сая 500 мянга, дунд анги 8 сая, ахлах анги 8 сая 500 мянган төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, Гёте сургуулийн нэг жилийн төлбөр 1 сая 700 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Гёте сургуулийн хувьд:

  • 1-р ангиасаа герман, англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцах боломжтой.
  • Англи хэл болон герман хэлний зуны вакумжуулсан сургалтад тухайн улсад зуны амралтаараа хамрагдах боломжтой
  • ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы Элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой

-Логарифм сургуулийн жилийн төлбөр өнгөрсөн жилээс нэмэгдээгүй буюу 7 сая хэвээр байна-

Логарифм сургуулийн жилийн төлбөр нь өнгөрөгч хичээлийн жилд анги харгалзахгүй долоон сая төгрөг байжээ. Тэгвэл энэ хичээлийн жилд сургалтын төлбөртөө өөрчлөлт оруулаагүй байна.

Логарифм сургуулийн хувьд:

  • Дэлхийн 20-иод орны 400-гаад сургуулиудын дунд хэрэгжигч олон улсын Grapeseed хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн анхны сургууль.
  • STEM буюу Science, Engineering, Technology, Art хичээлүүдийн нэгдсэн хөтөлбөртэй бөгөөд 4-р ангиас эхлэн инженерингийн суурь хичээлүүдийг, ахлах ангиас роботикийн хичээлүүдийг судалдаг

-Орчлон сургуулийн бага ангийн жилийн сургалтын төлбөр 1,4 саяар нэмэгджээ-

Орчлон сургуулийн жилийн төлбөр нь өнгөрөгч хичээлийн жилд бага анги 18 сая 518 мянга, дунд анги 21 сая, ахлах 23 сая төгрөг байсан. Тэгвэл энэ жилийн хувьд бага ангийн төлбөр 20 сая болж, харин бусад ангиудын төлбөрт өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл, Орчлон сургуулийн бага ангийн нэг жилийн төлбөрт 1 сая 400 мянган төгрөгөөр өөрчлөлт оржээ.

Харин цэцэрлэгийн тухайд 14-16 сая төгрөгийн төлбөртэй байна.

Тус сургуулийн хувьд:

  • Олон улсын хөтөлбөртэй хосолсон /Cambridge / үндэсний боловсролын хөтөлбөртэй.
  • Мэргэжлийн гадаад багш нартай
  • Хоёр дахь гадаад хэл болох хятад хэл нь олон улсын хөтөлбөрийн зайлшгүй судлах хичээл орно
  • Мэдээллийн дэвшилтэт технологид суурилсан сургалтын арга зүй, сурагчийн үнэлгээний систем, номын сан, хичээлийн хуваарь, ирц бүртгэлийн систем, веб хуудас гээд сургалтын болон удирдлагын бүх үйл ажиллагааг программчилсан “цахим сургууль”.
  • Сурагчид өөрсдийн хүсэл сонирхлын дагуу авъяас чадвараа улам хөгжүүлэх боломж олгох нэмэлт дугуйлан, секц, сонгоны хичээлүүд

-Гурвантамир сургуулийн төлбөр 4.5-7.5 сая төгрөгөөр нэмэгджээ-

 “Гурван тамир”, “Сакура” нэгдэж, кембрижийн хөтөлбөрт шилжлээ

“Гурван тамир”, “Сакура” ерөнхий боловсролын сургуулиуд нэгдэж, кембрижийн хөтөлбөрт бүрэн шилжсэн юм. Тэгвэл Сакура сургуулийн хувьд өнгөрөгч хичээлийн жилд бага анги 7 сая 500 мянга, дунд анги 8 сая 500 мянга, ахлах 9 сая 500 мянган төгрөг байсан. Тэгвэл энэ хичээлийн жилд ГУРВАНТАМИР сургууль нь бага анги 12 сая, дунд анги 15 сая, ахлах анги 17 сая төгрөгийн төлбөртэй болжээ. Өөрөөр хэлбэл, 4 сая 500 мянгаас 7 сая 500 мянга хүртэл төгрөгөөр нэмэгджээ.

Гурвантамир сургуулийн тухайд:

  • Сургалтыг Монгол, Англи хэл бүхий хос хэлний хөтөлбөрөөр явуулдаг.
  • Олон улсын хөтөлбөрийн хажуугаар хоёр дахь гадаад хэл болгон Хятад хэлийг судлах боломжтой.
  • Ахлах ангийн сурагчдад IELTS, SAT шалгалтад бэлтгэх сургалт явуулдаг
  • 2019-2020 оны хичээлийн жилээс Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэх эрх авснаар үндэсний боловсролын стандарт, хөтөлбөрийг Кэмбрижийн олон улсын хөтөлбөртэй хослуулан олгож байна.

-Хобби сургуулийн төлбөр 6.4 саяар нэмэгдэж 15 сая төгрөг болжээ-

File:Hobby School of Ulaanbaatar building.jpg - Wikimedia Commons

Hobby сургуулийн жилийн төлбөр нь 2020-2021 оны хичээлийн жилд бүх түвшинд 8 сая 512 мянган төгрөг байжээ. Харин энэ хичээлийн жилд түвшин /анги/ харгалзахгүй 15 сая төгрөг байлгахаар тогтоожээ.

Hobby сургуулийн тухайд:

  • 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна
  • Нэгдүгээр ангиасаа англи хэлний гүнзгийрүүлсэн хичээл үзнэ.
  • Олон улсын IPC, IMYC, AP хөтөлбөрөөр хичээллэдэг.

-Сант сургуулийн төлбөр нэг саяар нэмэгдэж, 9 сая болжээ-

Сант сургуулийн жилийн төлбөр нь 2020 онд хичээлийн жилд бүх түвшинд 7 сая байсан бол 2021 онд 8 сая, харин энэ хичээлийн жилд 9 сая төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, тус сургуулийн төлбөр 2020 оноос хойш жилд нэг сая төгрөгөөр нэмэгдэж байна.

Тус сургуулийн хувьд:

  • Оксфордын англи хэлний хөтөлбөр болон АНУ-ын “AP” хөтөлбөрөөр сургалт явуулдаг.
  • Гар утасны аппликейшн бүтээх хичээл үздэг.

-NEST EDUCATION: Жилийн сургалтын төлбөр 10-12 сая төгрөгийн хооронд байна-

Эл сургуулийн хувьд 2022-2023 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө 10-12 сая төгрөг байхаар тогтоожээ. Тодруулбал, бага анги 10 сая, дунд болон ахлах ангийн төлбөр 12 сая төгрөг байна.

-Сэлбэ сургуулийн жилийн төлбөр 9-16 сая төгрөг-

Сургууль | Сэлбэ сургууль

Эл сургуулийн хувьд 2022-2023 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө 9-16 сая төгрөг байхаар тогтоожээ. Тодруулбал, бага анги 11 сая, дунд анги 13 сая байгаа бол ахлах ангийн төлбөр 16 сая төгрөг байна. Харин цэцэрлэгийн 2-4 настнуудын анги 9 сая, бэлтгэл ангийн төлбөр 10 сая юм.

-BRITISH SCHOOL OF ULAANBAATAR: 2022-2023 оны хичээлийн жилийн төлбөр 32-61 сая-

Эл сургуулийн хувьд 2022-2023 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө 32 сая-61 сая төгрөгийн хооронд байхаар тогтоожээ. Тодруулбал, тус сургууль нь нийт 13 жилийн сургалттай байхаар сургалтаа төлөвлөсөн байдаг ба нас насны түвшнээр ангийг тогтоож, төлбөрийг тогтоосон байдаг байна. Тухайлбал, дунд анги 56 сая, ахлах анги 61 сая төгрөгийн төлбөртэй.

БШУЯ: Хувийн сургуулиудын сургалтын төлбөрт зохицуулалт хийх БОЛОМЖГҮЙ

Энэ хичээлийн жилд зарим хувийн ерөнхий боловсролын сургуулиудын төлбөр 7 хүртэлх сая төгрөгөөр нэмэгджээ. Тэгвэл салбар яамнаас хувийн сургуулиудын төлбөр нэмэгдэж буй байдалд ямар нэгэн байдлаар чиглэл хүргүүлсэн талаар тодруулахад "Яамнаас хувийн сургуулиудын төлбөрт үнийн зохицуулалт хийх боломжгүй" гэлээ.

Сануулахад, Хувийн сургуулиуд нэгдүгээр ангийн элсэлтээ 2-4 дүгээр сард авдаг. Улмаар 4-5 дугаар сард бэлтгэл хичээл ордог аж.

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-нд, ЕБС-ынх 15-нд эхэлнэ
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-нд, ЕБС-ынх 15-нд эхэлнэ
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.