3, 4 дүгээр хорооллын 61 дүгээр байрны ард байрлах гражийн хажуугийн өгсүүр замыг нурааж, барилгын суурь арматурын төмөр ил гарсан байдалтай байгаа зураг цахим орчинд нийтлэгдэж, нэлээн шүүмжлэл дагууллаа. Учир нь байр нурлаа, нуухыг нь авах гээд нүдийг нь сохоллоо гэхчлэн иргэд сэтгэгдлээ илэрхийлсэн. Тэгвэл энэ талаар албаны хүмүүс тайлбар өглөө. Тодруулбал, "Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана болон явган хүний зам хуучирч муудсан тул засаж, шинэчлэх ажлыг уржигдар буюу наймдугаар сарын 6-ны өдөр эхлүүлээд байна.
Уг түшиц хана нь 1971 онд ашиглалтад орсон тул хуучирч муудан, хоёр талд нь байрлах угсармал бетонон шатыг холбосон явган хүний зам нь цөмөрч, хагарсны улмаас иргэд зорчих боломжгүй болоод байсан юм. Түүнчлэн 61 дүгээр байрны ойролцоох авто замаар шөнийн цагт хүнд даацын автомашин зорчдог тул түшиц хананд чичиргээ өгч, нурах эрсдэл үүсжээ. Тиймээс уг түшиц ханыг Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар наймдугаар сарын 25-ны өдөр гэхэд засварлаж дуусгахаар ажиллаж байна. Уг засварын ажлыг хийж гүйцэтгэснээр түшиц хана дээгүүр явган зорчигчид, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн аюулгүй зорчих боломжтой болно.
Засварын ажлын үеэр авто замын хөдөлгөөнд түр хугацаанд өөрчлөлт оруулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу" хэмээжээ.