Улс төрд найз гэхээсээ илүүтэй эрх ашиг нь түрүүнд тавигддаг. Ийм жишээг Монголын байтугай дэлхийн олон жишээнээс олж харж болно. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайн ах Х.Баттулгыгаа шалгахыг хууль хяналтын байгууллагуудад үүрэгдсэн. Төмөр замтай холбоотой 2008-2019 оны хоорондох асуудлууд гэхээр яалтчгүй экс Ерөнхийлөгч үндсэн бай нь гэсэн үг. Ерөнхий сайдыг ийм шийдвэр гаргасанд улс төрийн хүрээний олон хүн баярлаж, түүнээс дутахгүй олон хүн гайхав. Өөрөөр хэлбэл, энэ хоёр хүн жинхэнээсээ түнжин хагарав уу. Аль эсвэл улс төрийн жүжиг тавьж байна уу гэдэг өнөөдрийн гол сэдэв.
Аливаа зүйл хоёр талтай. Мэдээж, Х.Баттулгад холбогдох төмөр замын хэрэг, элдэв асуудал овоолсон шорооноос нь дутахгүй овоолоостой гэдэг. Энэ бүхнийг шалгаад монголчуудын өнгөрсөн арванд алдсан боломж хийгээд, биднийг хорлосон түүхийг үнэн мөнөөр нь илж чадвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд алга ташиж, дэмжих нь зүйтэй. Харин Ерөнхий сайд, сайн ахынхаа хамтаар нам засаг, ард түмнийхээ оюун санаагаар тоглож байвал яах вэ.
Тэгвэл энэ “зодоон” зохиомол бөгөөд тоглоомын шинжтэй байх магадлал асар өндөр. Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр 2017 онд М.Энхболдыг зайлуулсан цагаасаа эхлээд улс төрийн том “тогоонд” дөрөө харшуулсан хүмүүс. Мөн тэдний дунд Ерөнхий сайдын ах, Ерөнхийлөгчийн гол “найруулагч”-аар нь ажиллаж ирсэн Херо бий. Б.Баатар энэ хоёр хүнийг тийм ч амархан муудалцуулчихгүй л болов уу.
Энэ намар улс орны хувьд ч, эдийн засгийн хувьд ч, засаг төрийн хувьд ч ихээхэн хүнд сорилттой тулгарна. Наадмын дараа гэхэд л шатахууны үнэ өсч, банкууд зээл олголтоо зогсоосон “гал” шууд л Засгийн газар дээр бууж эхэлсэн. Олон хүн Засгийн газрын хувь заяаг ярьж, цөөнгүй шуналтнууд Л.Оюун-Эрдэнийг намар “хөмрүүлэх” тухай яриаг сэвж эхэлсэн. Магадгүй энэ бүхнийг дарах хамгийн том сэдэв бол Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг шалгаж, шоронд хийж шонд хатаах тухай үлгэр юм. Өнгөрсөн өдрүүдэд хоёр талын сошиалчид бие бие рүүгээ хөнгөхөн дайраад өнгөрцгөөв.
Х.Баттулгыг өнөөдөр шалгаж эхлэх нь байтугай төмөр замтай холбоотой хэрэг нь аль 2016 онд л боогдчихсон байсан гэдэг. Үүнийг Ерөнхий сайд хамгийн сайн мэдэж байсан хүмүүсийн нэг. Тэрбээр 2017 онд “Х.Баттулга гэдэг хүнийг яг үнэндээ та л Бадамжунайг Сингапур руу авч ирж, ял авах гэж байхад нь өөрөө өршөөгөөд, өөрөө захиалж Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшүүлсэн шүү дээ. Яг үнэндээ ийм л зүйл болсон” гэж хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр шалгах гээд байгаа Х.Баттулгынхаа хэргийг аль 2017 онд Л.Оюун-Эрдэнэ мэдэхийн дээдээр мэдэж байсан. Үүнээс хойш ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд болсон хойноо ч мэдэж байсан экс Ерөнхийлөгчийн хэргийн талаар үг унагаж, хуруугаа ч хөдөлгөөгүй. Гэтэл яагаад гэнэт наадмын дараа улс орны эдийн засаг, засаг төрийн нөхцөл байдал эвгүйтэх үетэй зэрэгцэж Х.Баттулгыг шалгах болов.
Хэрвээ энэ улс төрийн “дайн” худлаа бол оролцогч талууд ямар үр дүн хүлээж байна вэ. Нэгдүгээрт, нийгмийн хилэнтэй уур амьсгалыг Засгийн газраас холдуулж, илүү хэрүүлтэй, сонирхолтой сэдэв рүү чиглүүлэх. Хоёрт, нам доторх уур амьсгалыг мэдрэх. Өөрөөр хэлбэл, гишүүд болон улстөрчдийн хэн хаана байгааг бүгд мэдэж авна. Женког ил тодоор эсэргүүцэгчид бий. Харин далдаас хэн хамгийн их хор хутгаж байсан нь Ерөнхий сайдаа дэмжиж илэрнэ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Женко руу дайрч байгаа хүмүүс маргааш Ерөнхий сайд руу дайрна гэсэн үг. Энэ хоёр хүний хамаарал М.Энхболд, Ц.Элбэгдоржийн хамаарал шиг улс төрд он удаан яригдана. Бас жишигдэнэ.
Нэмж хэлэхэд, Ардын намын орой дээр Ерөнхий сайдаас гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа цагт Х.Баттулга тийм ч амархан дээлээ нөмөрөхгүй л болов уу. Магадгүй Ерөнхий сайдыг жинхэнээсээ Х.Баттулгатай муудалцлаа гэж бодоход У.Хүрэлсүх байгаа цагт Х.Баттулгад муу юм тохиохгүй. У.Хүрэлсүхэд 2017 оны сонгуулийн дараа Ардын намыг 60 тэрбумынхнаас булааж авахад хамгийн том тус хүргэсэн хүн бол Х.Баттулга. Үүнээс хойш Засгийн газрыг нь хэд хэд хамгаалж өгсөн. Ардчилсан намыг самарч өгсөн. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч болоход нь хүртэл “тусалсан”. Хэрвээ Х.Баттулга нэр дэвшинэ гэж нийгмийн оюун санааг мунхруулаад, У.Хүрэлсүхийн эсрэг сонгуулиар Ардчилсан намаа ажиллуулсан бол үр дүн яаж ч эргэхийг хэлж мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн холбоо сүлбээнээс дутахгүй У.Хүрэлсүх Х.Баттулгатай холбоотой. Түүнийг Ерөнхий сайдаасаа буухдаа Х.Баттулга руу дайрсан үйлдлийг улс төрийн хүрээнийхэн өнөөдрийн үйл явдал шиг улс төрийн жүжиг тавьлаа гэж хардаж байв.
За, ямартаа ч нууцын зэрэгтэй шалгагдаж байгаа Х.Баттулгын эрүүгийн хэргийг Л.Оюун-Эрдэнэ гаргаж тавих уу. Үүнийг У.Хүрэлсүх далдуур зөвшөөрөх үү. Х.Баттулга нэгэн цагт дөрөө харшуулж явсан нөхөдтэйгээ хэрхэн ойлголцох вэ гэх зэрэг сонирхолтой улс төр биднийг хүлээж байна.
Хэрвээ Ерөнхий сайд жинхэнээсээ Х.Баттулгатай үзэхээр шийдвэл нэг бол эцсийн дүнд нь Засгийн газар огцрох эсвэл, Х.Баттулга “аавын хаалга” татах гэсэн хоёр зам л бий. Харин энэ бүхэн жүжиг байвал...
Г.Лхагвадорж