Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Барилдааны гурвын даваанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Улсын харцага Ш.Мөнгөнбаатар хүндэтгэх шалтгааны улмаас тахимаа өглөө. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Аав минь 2022.07.11 ний орой бурханы орондоо дэвшсэн мэдээг сая авлаа.
Хүний хайр гэж агуу юм аа.
Миний барилдаанийг бодоод, сэтгэлийг минь тайван байлгах гэсэндээ надаас нуусан гэр бүл, ах дүү нартаа мэхийн ёслоё.
Түүхт ойгоороо сайхан залууд 3-ын даваанд тахим өглөө. Шудрага сайхан наадсандаа сэтгэл тэнүүн байна аа. Аав минь ч бас тэнгэрээс хараад баяссан байхаа.
Аав минь 100 жилийн ойгоо угтаад, 85 насандаа үр хүүхэд биднийгээ орхиод тэнгэртээ дэвшлээ. Уулзаж чадаагүй ч дэндүү их ухааны тань үргэлжлэл байхыг хичээнэ ээ.
Өдий хүртэл таньтайгаа хамт байсандаа эрх танхил, отгон хүү нь сэтгэл дүүрэн байна аа.
Тэнгэрт хүрэх зам нь гэрэлтэй байг. Хайрт аавдаа мэхийн ёслоё" гэжээ.