Хавдар судлалын үндэсний төвд "Big show"-ны хамт олон хавдрыг эрт үед нь оношлох хамгийн сүүлийн үеийн аппаратыг бэлэглэсэн. Энэ үеэр ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү "Монголд нэгхэн байгаа, хамгийн өндөр хүчин чадалтай эхо аппаратыг бид бүхэнд хандивлаж байгаад баяртай байна. Ингэснээр ХСҮТ хоёр аппараттай болж байна. Хэдийгээр эмч нарын чадвар сайн байлаа ч орчин үеийн технологи байхгүй бол тэр болгон амжилтад хүрч чаддаггүй" хэмээсэн.
Энэ нь 269 сая төгрөгийн аппарат Монголд хоёрхон байгаа гэх ойлголтыг төрүүлж, иргэд ихээхэн бухимдсан юм. Тэгвэл уг асуудалд ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Big show"-ны уран бүтээлчдийн бэлэглэсэн аппарат бол хамгийн сүүлийн үеийн эхо аппарат байгаа юм. Тухайн хавдрыг эрт илрүүлэхэд зориулсан, хиймэл оюун ухаантай эхо аппарат. Эхо аппарат бүх эмнэлгүүд олон хувийн эмнэлгүүдэд байдаг. Энэ аппарат нь хамгийн сүүлийн загвар. Утсаар бол айфон 14 гэсэн үг. Энэ технологи нь Монгол Улсад хоёр дахь нь. Энэ нь ХСҮТ-д ирж байна гэдгийг буруугаар ойлгуулсан байна.
Яг үүний өмнөх загвар ХСҮТ-д 4. Нийтдээ хуучин загвар 20 гаруй бий. 21 аймагт ч эхоны аппарат бий" гэлээ.