2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоол болон Ойн агентлаг байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг батласан талаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022.06.03-ны өдөр батлагдаж, ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон. Ингэснээр "Ойн агентлаг" байгуулах тогтоол гаргалаа. Өөрөөр хэлбэл, сүүлийн зургаан сар гаруйн хугацаанд саатаад байсан Ойн агентлагтай холбоотой төслүүд хөдөлж эхэлнэ. Мөн Ойн судалгаа, хөгжлийн төвийн 12 албан хаагч өнгөрсөн зургаан сарын хугацаанд төсвийн эрх нээгдээгүй байсантай холбогдуулж цалингүй ажилласан. Энэ хүмүүсийн цалин олгогдож эхэлнэ. Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлаж байна" гэлээ.
Түүнчлэн 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлаж байна. 2022 оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсад 73 мянган жуулчин ирж, 70 сая ам.долларын орлого оруулсан байна. Дотор нь задлавал, ОХУ-аас хамгийн олон жуулчин ирж. Араас нь БНСУ-ын жуулчид орсон. Тиймээс жуулчдын тоо хамгийн өндөр байсан 2019 оны хэмжээнд хүргэхээр зорьж ажиллаж байна. Гэхдээ бидэнд бэрхшээл байна. Энэ цар тахлаас үүдсэн олон улсын зорчих тээврийн саатал. Засгийн газрын зүгээс жуулчдын тоог нэмэгдүүлж, төсөвт төвлөрөх орлогийг нэмэгдүүлэх, ААН-ийн орлогийг нэмэгдүүлэх үүднээс Монголд зочлох жил болгон зарлаж байгаа. Энэ хүрээнд 2024 он хүртэл нэг сая хүртэлх жуулчин авах хөтөлбөр хэрэгжихэд томоохон дэмжлэг болно" гэлээ.