Өнөөдөр /2022.06.14/ Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Тэгвэл эл өдрийн утга учир, цээрлэх ёсоны талаар Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждоржоос тодрууллаа.
Тэрбээр "Бурхан багшийн их дүйчин өдөр их буян хураадаг өдөр юм. Эл өдөр нүгэл хилэнцийг тэвчиж, буяныг хураахад арвиждаг билэг дэмбэрэлтэй уламжлалт өдөр. Тухайн өдөр цагаан хоол иднэ гэдэг нь амьтны амь тэвчиж буй хэрэг тул буян болно. Мөн мэддэг маань тарниа хэлбэл арвижиж, буян хураадаг байна. Бие биендээ хүндэтгэлтэй хандах ёстой. Ахмад настнаа хүндлэх ёстой. Элдэв хэрүүл, муу үгс хэлэхээс татгалзах хэрэгтэй. Түүнчлэн гэр бүлдээ амар амгалан, үр хүүхэд хань ижилдээ түшигтэй халамжтай байхаас эхэлнэ. Цаашилбал, эх орон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө буян хийх ёстой. Эл өдөр цээрлэх зан үйл их байдаг. Тухайлбал, өмнө хэлсэнчлэн муу үгс хэлэхгүй байх, бусдыг гомдоож болохгүй. Ялангуяа арван хар нүгэлийг тэвих ёстой өдөр юм" гэв.