Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсан. Улмаар “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор “Кью Эс Си” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкинд үүсээд байгаа өр төлбөрийг ойрын хугацаанд хэрхэн барагдуулах вэ гэдэг асуудал сөхөгдөөд буй.
Тэгвэл тус үйлдвэрийг төр өөрийн мэдэлдээ 630 орчим тэрбум төгрөгийн өр, авлагатай нь шилжүүлэн авсан юм. Гэвч уг шийдвэрийг эсэргүүцэж, "Кью Эс Си” ХХК нь Засгийн газрыг шүүхэд дуудсан байна. "Кью Эс Си” нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга "сахал" Д.Эрдэнэбилэгтэй хамааралтай.
"Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж ТӨБҮГ-ын дарга Б.Цэнгэл болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга А.Ариунболд нар оролцох юм байна.
Энэ талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл “Шүүхийн нэхэмжлэлийг өнөөдөр гардаж авлаа. Засгийн газраас концессын гэрээний хэрэгжилт хангалтгүй байна гэж үзсэн. Энэ дагуу гэрээ цуцлах шийдвэр гаргасан. Үүний дараа ТӨБЗГ-аас тухайн үед гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг буцаан төрд шилжүүлэх арга хэмжээ авсан. Үүний дараа өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.
Сангийн сайд ахлаж байгаа. “Кью Эс Си” ХХК-ийн зүгээс Засгийн газрын 148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд олгуулсан ТӨБЗГ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна. Шүүхэд тайлбараа бид гаргаж өгөх ёстой. Түүнчлэн "Кью Эс Си” ХХК-ийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргана. Ноцтой баримтууд бий. Дэлгэнэ.
Мөн Сангийн сайд болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон шалгалт хийгдэж байгаа. Шалгалтын хариу ирэх долоо хоногт гарна. Энэ шалгалтаар маш ноцтой тоо баримт ил болно. Иргэдэд нээлттэй мэдээлэл өгнө. Концессын гэрээний хувьд 2014 онд байгуулсан. " гэлээ.