Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 84 хувьтай байна.
Тухайлбал, зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж, орц, гарцыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу 188 байршилд 4860 гарааш чөлөөлөхөөр төлөвлөснөөс өдгөө 108 байршилд 2782 гарааш чөлөөлөөд буй бөгөөд тус ажил 57.2 хувьтай байна.
Мөн 36.310 мод, бут тарьж, 21 байршилд 80.000 мкв талбайд зүлэг нөхөн тарьж, хоёр байршилд буюу 8300 мкв талбайд зүлэг шинээр тарьсан. 26 байршилд нэг наст цэцэг тарихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 16 байршилд нийт 105 мянган цэцэг тарив.
Үерийн хамгаалалтын барилга байгууламж цэвэрлэх хүрээнд 14 байршилд 2799 тонн лаг хагшаас цэвэрлэж, хоёр байршилд цэвэрлэгээ хийж байгаа аж.